Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар оролцов.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хэлэхдээ “Түгжрэлийг бууруулахын тулд зам болон гүүр барих хэрэгтэй гэж үзэх нь бий. Зам, гүүр барина гэдэг бол дэд бүтцийн томоохон ажил. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр 2022 онд хэд хэдэн ажлыг эхлүүлчихсэн байна. Харин тэдгээр ажил нь дараа жил үргэлжлэхэд хөрөнгө, санхүү нь гол санаа зовоох асуудал болж байгаа. Тэгэхээр энэ ажилд зөвхөн улс, нийслэлийн хөрөнгийг хараад суух боломжгүй. Түгжрэл бол төвлөрөл, нягтрал, бөөгнөрлийг агуулсан ойлголт. Төвлөрлийг задлахын тулд зах, худалдааны төвүүдийг нүүлгэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг олон ажил багтана. Энэ болгонд л зардал гарч байгаа.
Жишээлбэл, Туркийн Истанбул хот 1990-ээд оны дундуур агаарын бохирдол, түгжрэл ихтэй байсан. Тухайн үед хотын удирдлагууд бонд гаргаж, гүүрэн байгууламж болон нүхэн гарц байгуулахад чамгүй хөрөнгө зарцуулан, автомашин болон нийтийн тээврийг газаар явдаг болгох зэргээр тус асуудлуудыг шийдэж байсан. Дэлхийн томоохон хотуудын шүдний өвчин нь түгжрэл байсаар байна. Тэд бүгд л явган зорчигчид чиглэсэн ажил хэрэгжүүлж байгаа” гэсэн юм.