Энэ сарын 26-ний өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийсэн.
Зам, тээврийн хөгжлийн яамны өгсөн мэдээллээр Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт(2022.10.30) ашиглалтад орно гэсэн юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ амралтын өдрөөр буюу бүтэн сайн өдөр гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ. Одоогоор 500 орчим метр замын хучилтыг хийж, тэмдэг тэмдэглэлийг байршуулж байна. Ингэснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг албан ёсоор нээхэд бэлэн болно.” хэмээн мэдэгдэж байв.
Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар зорчих хөдөлгөөнийг товлосон хугацаандаа буюу аравдугаар сарын 30-наас бүрэн нээснийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Зам, тээврийн хөгжлийн яамны хамт олон, гүйцэтгэгч нар амласан ёсоороо аравдугаар сарын 30-нд багтаж Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ.” гэв.