Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотойгоор Хот тохижилтын газар хүндрэл үүсэхээс сэргийлж, давс, бодис цацан, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Явган хүний зам, талбайг хэрхэн цэвэрлэж байгааг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад:”Нийслэл болон дүүргүүдийн хот тохижилтын ажилчид сүүлийн 48 цаг тасралтгүй ажиллаж, зам талбай цэвэрлэж байна. Холбогдох газраас шаардлагатай арга хэмжээг авч, хүн хүчээ дайчлан ажиллаж байгаа ч бүх замыг цэвэрлэх, тэр дундаа явган хүний замд анхаарах боломж хомс, цаг хугацааны хувьд давчуу байгаа юм.
Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журамд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 50 метр хүртэлх эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах үүрэгтэй. Тиймээс бид аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан, ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлэж, хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.
Нөгөө талаас байгууллага, аж ахуйн нэгжүүд журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэд халтирч унасан, улмаар бэртэж гэмтсэн тохиолдолд хохирлоо тухайн байгууллагаас нэхэмжлэх хууль, эрх зүйн үндэслэл бий. 2022 онд Улаанбаатарыг “Иргэн төвтэй хот” болгон зарласан холбоотойгоор явган хүний зам шинэчлэх ажлыг эрчимтэй хийж байна. Энэ оны хувьд 40 мянган гаруй ам метр талбайн замыг шинэчлэхдээ хүн явахад халтирахгүй, стандартад нийцсэн хавтанг сонгосон”гэв.