Технологийн шийдлүүдийг ашиглан иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг Улаанбаатар хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд 1000 орчим монгол инженерийн оролцоотойгоор Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийг хийж буй бөгөөд томоохон төслүүдийг Хотын дарга өнгөрсөн пүрэв гарагт УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүддээ танилцууллаа. “Дижитал Сити” хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Улаанбаатар дижитал хот болохоо зарлалаа. Дижитал хот болохын тулд ямар ажлууд хийх вэ. Хэзээ Улаанбаатар бүрэн дижитал хот болох вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах хүрээнд цогц арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 36 багц бүхий 300 гаруй ажлыг эхнээс нь хийж байна. Үүний нэг нь Ухаалаг Улаанбаатар төсөл. Дэлхийд технологийн дэвшил хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед олон хот технологи дээр суурилсан дижитал шилжилтийг хийж буй. Улаанбаатар хот энэ хөгжлөөс хоцрохгүйн тулд мэдээлэл технологийн үндэсний компаниудтай уулзаж, төлөвлөлтийг хийсэн. Ухаалаг Улаанбаатар төсөл 27 багц асуудал болж задрах бөгөөд эхний ээлжид 12-ыг хэрэгжүүлнэ. Энэ 12-ыгоо Эрүүл, аюулгүй хот, Зам тээвэр, Засаглал гэсэн гурван бүлэгт хувааж, мэдээллийн системүүдтэй холбох үйл ажиллагаа эхнээсээ бэлэн болсон. Улаанбаатар хот дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлж, 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд 27 багц асуудлаа шийдсэнээр Дижитал хот болох бүрэн боломжтой.
Дэлхийд дижитал шилжилтийг таван төлөвөөр ангилдаг. Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр үе шатаас хоёр руу шилжих шатандаа явж байна. Улаанбаатарыг дижитал хот болгохын тулд салбар хоорондын уялдаа холбоо, иргэдийн оролцоог хангах хэрэгтэй. Интеграцийг хурдтай хийж чадсанаар Улаанбаатар хотын дижитал болох үйл явц хурдасна. Энэ нь төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах сайн нөлөөллийг бодитоор бий болгоно.
-Цахим шилжилт олон давуу талыг бүрдүүлнэ. 2016 оноос өмнө манай улс цахим шилжилтийг төрийн байгууллага руу анхаарч хийж байсан. Одоо салбар бүр рүү чиглүүлж байгаагаараа илүү ач холбогдолтой гэж харж байна?
-Тэгэлгүй яах вэ. Төрийн үйлчилгээ хүнд суртлыг багасгахгүйгээр урагшлахгүй. Цахим шилжилтийг хийхээс өмнө аливаа асуудлыг цаасаар шийддэг байсан нь төрийн үйлчилгээ авах гэж удаан хугацаагаар дараалалд зогсох, цаг хугацааны хувьд тодорхойгүй байдал үүсэх, эрх бүхий албан тушаалтан эргээд хариу өгөхдөө удах зэргээр чирэгдэл үүсгэдэг байсан. Энэ нь төр, иргэн хоорондын холбоо алсрах, төрд итгэх итгэл буурах, улмаар улс төр, нийгэм, эдийн засаг тогтворгүй болох гэх мэт маш олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Нийслэл Улаанбаатар хот 2016 онд E-Service үйлчилгээ нэвтрүүлж, нийслэлийн 13 байгууллагын 123 үйлчилгээг цахимжуулсан нь өнөөгийн E-Mongolia-гийн суурь болж, хөгжсөн. Одоо 764 үйлчилгээг E-Mongolia-гаар үзүүлж байна.
-Энэ нь мэдээж маш их зардал, цаас хэмнэж байгаа болов уу?
-Өнөөдрийн байдлаар E-Mongolia систем иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөгийг бодитоор хэмнэсэн. Цаг хугацаа, эдийн засгийг хэмнэснээс гадна иргэдийн сэтгэл санаанд ч эергээр нөлөөлж байна. Төрийн үйлчилгээг таван минутын дотор авч, найман цагийн дотор шийдвэр гарч байна гэх мэт олон давуу талыг бодитоор бий болгосон. Дижитал шилжилтийг хотынхоо хэмжээнд богино хугацаанд хийж байж, цаашлаад дижитал үндэстэн болно. Хурдацтай хөгжиж байгаа технологийг Улаанбаатар хотын хөгжилд ашиглах бололцоог үндэсний 70 компани буюу 1000 монгол инженер хамтдаа бүрдүүлж байгаа. Технологийн давуу талыг сайн ашиглаж, бүх зүйлийг Монголдоо, өөрсдөө хийж байна.
Дэлхийн цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2022 онд 193 орноос 74-р байрт жагсаж байна. Бид энэ жагсаалтад эхний 50-д багтах ёстой. Мөн бизнесийн таатай орчныг бүрдүүлж, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын бизнесийн орчныг сайжруулах үзүүлэлтээр 2020 онд 190 орноос 81-р байрт, олон улсын авлигын төсөөллийн индексээр 2021 онд 180 орноос 110-р байрт тус тус эрэмбэлэгдсэн. Энэ үзүүлэлтийг сайжруулахад цахим шилжилт хэрэгтэй. Өдгөө нийслэлийн бүх шатны буюу 1322 байгууллагын 30 мянга гаруй албан хаагч ERP системд холбогдож, орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцаж, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасан суурьт ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн.
Нийслэлээс иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг 589 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс 225 нь тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ. Тэдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй зэрэг бэрхшээлүүдээс үүдэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг авахдаа сэтгэл ханамжгүй байдал үүсэж, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болоод байсан. Бид энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийг өнгөрсөн нэгдүгээр сард байгууллаа. Улмаар дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээ авах боломжтойгоор хэрэглээнд нэвтрүүлсэн. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулна. Төрд давуу эрх байж болохгүй. Хяналт тавьж, зөвлөн тусалж, арга зүйн зөвлөгөө өгөх тогтолцоо руу орно.
ТЕХНОЛОГИЙН ХУРДТАЙ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЯХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
-Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх E-school aппликэйшн эцэг, эхчүүдэд маш хэрэгтэй санагдлаа. Хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхлэх вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын нийт 285 сургуульд 712 мянган сурагч суралцаж, 35 мянган багш ажиллаж байна. E-school боловсролын нэгдсэн платформыг төвийн зургаан дүүргийн 40 орчим сургуульд хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Улаанбаатар хот интеграцид ороход бэлэн байгаа. Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй нэгдсэн интеграцид орж, өрхийн эмнэлгүүдээ холбох шаардлагатай. Ингэж байж нэгдсэн мэдээллийн урсгалаа яам болон нийслэлийн хэмжээнд хардаг, төрийн хүнд суртал хаана үүсэж байна, асуудал нь хаана байна гэдгийг нэг хяналтын самбарт хараад явах бүрэн бололцоотой. Технологи гэдэг өдөр тутам шинэчлэгдэж, хувьсаж буй зүйл. Тиймээс технологийн энэ хурдтай төрийн үйл ажиллагааг уях зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, Улаанбаатар хотын 1.6 сая иргэн бараг бүгд ухаалаг утастай байна. Иймээс үүнийг холбох интеграцийг яаралтай хийж, хот болон Эрүүл мэнд, Боловсролын яам манлайлах хэрэгтэй. Жишээ нь, Үдийн хоол хөтөлбөрийг үүнтэй холбож, эцэг эхчүүд хүүхдийнхээ тухайн өдөр ямар хоол идсэнийг хянах боломжтой. Мөн сургуулийн автобусаар хаана явааг нь харж болно. Эдгээр нь хүүхдийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхээс гадна хэрэгцээтэй эрдсээ хоол хүнснээсээ авч чадаж байгаа эсэх, аюулгүй байдлыг хангах боломжийг олгож байгаа. Энэ бүх бололцоог бүрдүүлсэн системийг мэдээлэл технологийн үндэсний 70 гаруй компани буюу монгол 1000 инженертэй хамтран хийж, хэрэгжүүлж байна.
Хүн амын 50 хувь нь нийгэм, эдийн засгийн шаардлагаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Сингапураар жишээ авахад, 707.1 км² газар нутагт зургаан сая иргэн амьдардаг, 900 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Гэтэл Улаанбаатар хот 4704 км² газар нутагтай, 662 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй, 1.6 сая хүн амтай хэрнээ түгжрээд байгаа нь асуудал. Энэ нь дэд бүтэц, зам харилцаа, олон замын түвшний огтлолцол, системийн инженерчлэл, ухаалаг удирдлагын нэгдсэн системтэй холбоотой.
Старт ап компаниуд ч хотын бүтээн байгуулалтад оролцохоо илэрхийлж байна. Үндэсний жижиг компаниуд, залуучуудын нэгдэлтэй уулзсан. Залуучууд старт ап компаниуд байгуулж, бүтээмжийг бий болгож, хотдоо хувь нэмэр оруулъя, технологийн салбарт хүч өгье гэж байна. Энэ болгоныг нэгтгэж, нийлүүлж байж хот урагшлах ёстой.
ДИЖИТАЛ ХОТ БОЛОХОД МОНГОЛ ЗАЛУУС ГАДНЫН КОМПАНИТАЙ ТУРШЛАГА ХУВААЛЦАЖ, ТЕХНОЛОГИ СОЛИЛЦОЖ АЖИЛЛАНА
-Ухаалаг хот болохын тулд замын түгжрэл, камержуулалттай холбоотой ямар шинэчлэлүүд хийх вэ. Замын хөдөлгөөний зохицуулалт нь ухаалаг бус байна гэх шүүмжлэл бий.
-Бидний туулж байгаатай яг адилхан асуудлыг дэлхийн томоохон хотууд дайрч гарсан. Одоо ч дэлхийн томоохон хотуудад түгжрэл байна. Түгжрэлийг бууруулахын тулд хяналт, зохицуулалтын систем, замын хөдөлгөөн, зогсоолын менежмент, автомашины бүртгэлийг сайжруулах хэрэгтэй. Автомашины бүртгэл, оношилгоог хот өөрөө хийдэг, татвар, хураамжаа авдаг, дугаараа олгодог байх ёстой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний аминд халдаж байгаа осол их гарч байна. Зөрчил гаргавал торгодог, торгууль, хураамжаа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасдаг болох шаардлагатай. Энэ бол иргэний хариуцлага, үүрэг юм.
Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл жилд 80 мянгаар нэмэгдэж байна. Бүтээн байгуулалтын хурд машиныхаа тоог гүйцэхгүй байна. Түгжирсээр, цаашид бүр тэг зогсох ч эрсдэлтэй. Үүнийг эхлээд цэгцлэх ёстой. Улаанбаатар хотод механик хүн амын өсөлт 35 мянгаар нэмэгдэж байна. Ердийн өсөлт 40 мянга байна. Хотын даац хэрээс хэтэрсэн. Өнгөрсөн 30 орчим жилийн ужгирсан, төлөвлөлт алдагдсан асуудлыг 3-4 жилийн хугацаанд шийдэх боломжгүй. Цэгцлэх, хууль, журмыг өөрчлөх, стандарт тогтоож, гарааш, хашаа, хайс буулгаж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна. Тэнд ая тухтай орчин бүрдүүлж, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган болон дугуйн зам, камержуулалт хийж байгаа.
Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлийг Засгийн газрын түвшинд хийхээр болсон. Үүний дараа маршрутын шинэчлэл, Богино эргэлт, RFID систем, гэрэлтүүлэг болон нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлөх асуудал орж ирнэ. Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад зориулан чөлөөлнө. Одоо RFID систем суурилуулж байгаа. Үүний дараа Чингисийн өргөн чөлөөг чөлөөлж, замын хөдөлгөөний хяналтын системийг үе шаттай сайжруулна. Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр явдаг болно. Богино эргэлтийн маршрутын зураглалыг хийж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газарт реформ хийнэ. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийснээр хөгжүүлэлтийн систем, замын нөхцөл байдал, хаана ямар байгааг харах удирдлагын нэгдсэн систем бий болно. Өнгөрсөн долоодугаар сард Ерөнхий сайд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийх үеэр дэлхийн томоохон мэдээлэл технологийн “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Одоо энэ ажил хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд бид үндэсний компаниудаа нэгтгэн оруулж байна. Дижитал хот болоход монгол залуус гаднын компанитай туршлага хуваалцаж, технологи солилцож ажиллана. Мөн боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах, авлига, хүнд суртлыг бууруулах ажлуудыг цахим шилжилтийн хүрээнд хийнэ.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛАН, ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
-Дижитал шилжилтийг танилцуулах үеэр монгол хэл ойлгодог анхны виртуал иргэнийг танилцууллаа. Энэ нь ямар ач холбогдолтой, ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Энэ бол их өгөгдөл дээр суурилсан, хиймэл оюун ухаан. Монгол хэл ойлгодог анхны виртуал иргэн Эгүнэ одоогийн байдлаар цаг агаарын мэдээ, агаарын чанар, түгжрэлийн мэдээллээс гадна гэрийн автоматжуулалт, төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч чадна. Манай мэдээлэл технологийн салбарын инженерүүд дэлхийн стандартад өөрсдийгөө авчирсны бодит жишээ нь Эгүнэ. Энэ бол Монголын мэдээлэл технологийн салбар дэлхийн түвшинд гарч ирснийг, технологиос хоцроогүйг харуулж байна. Цаашид хиймэл оюун ухаанд суурилан тусгай хэрэгцээт иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Дэлхийн хөгжилтэй технологийн салбарын залуучууд маань хөл нийлүүлэн алхаж байна. Тэдний эрдэм мэдлэг, хүч оролцоонд суурилсан бодлогууд цаашдаа илүү эрчтэй, хүчтэй яваасай гэж боддог. “Apple”, “Samsung”, “Amazon” гэх мэт дэлхийн шилдэг технологийн компаниудад ажиллаж байсан монгол инженерүүд маань Улаанбаатар хотын цахим шилжилтэд гар бие оролцож байна. Би монгол залуучуудынхаа оюун ухаан, эрдэм чадалд итгэж байгаа. Бид үндэсний компаниудаа төсөв, санхүүгийн хувьд аль болох дэмжиж ажиллана.