Ардчилсан нам засаг барьж байсан 2012-2016 онд Уул уурхайн сайд 2 удаа солигдсон. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газрын үед буюу 2012-2014 онд Уул уурхайн сайдаар Д.Ганхуяг ажиллаж байсан бол 2014-2016 онд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын үед Уул уурхайн сайдаар Япон улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар ажиллаж байсан, сайд болохынхоо өмнө тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг томилсон.
Р.Жигжид сайд сайдын тамгаа хүлээж авахдаа “Шинэчлэлийн Засгийн газрын үед Уул уурхайн сайд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай нягт хамтран ажилласан. Энэ ажлыг үргэлжлүүлэх болно” хэмээн хэлж байв. Тэгвэл Уул уурхайн сайд Р.Жигжид хэрхэн ажлаа “эрчимтэй” хийсэн тухай нэгэн баримт бидэнд олдлоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид “Ашид алтай майнинг” ХХК болон “China Railway HuaXin Ecological Eniviromment Technology Development” ХХК-ийн хувийн хэвшлийн компани хооронд байгуулсан байгалийн баялаг ашиглах гэрээг дэмжин баталгаажуулж, ингэхдээ яамны тамгыг, төрийн сайдын гарын үсгийн хамтаар гараар бичсэн итгэмжлэл, цохолтыг хийж хууль зөрчсөн байна.
Р.Жигжид сайд хувийн компаниудын хооронд байгуулсан гэрээн дээр гараар бичиж дэмжихээ илэрхийлсэн дээрх “итгэмжлэл цохолт”-ын цаана албан тушаалаа урвуулан ашиглаж ямар хэмжээний авлига авч, улс оронд хэр хэмжээний хохирол учруулсан нь өнөөдрийг хүртэл тодорхой биш байна. Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй гэдэг. Тиймээс төрийн сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулж, өөртөө ашиг хонжоо хайсан дээрх үйлдлийг АТГ болон ЭЦГ хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох ёстой. Эс бөгөөс төрд итгэх иргэдийн итгэл хөсөр хаягдахад хүрч байна.
А.Галт