УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Г. Амартүвшин Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлийг шамшигдуулсан гэж мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тухайн асуудал дээр тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Өчигдөр чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн намайг үндэслэлгүй гүтгэж, дайрч, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ тал дээр тодорхой тайлбар хийе.
Тэр 33 тэрбумын зээл гэдэг нь надтай огт хамаагүй. Би ямар нэгэн байдлаар Хөгжлийн банкны зээлдэгчидтэй холбоо тогтоож байгаагүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Тухайн зээл бүрэн төлөгдөж дууссаныг холбогдох компани нь өнгөрсөн зун мэдээлсэн.
Би өөрийн хүсэлтээр шалгуулахаа дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Үүнийхээ дагуу шалгуулж байгаа. Тиймээс удахгүй надтай холбоод байгаа Хөгжлийн банкны асуудлын үнэн мөн нь тодорхой болно.
Хөгжлийн банкны зээлийн багцын чанартай зээлүүд нь төлөгдчихсөн. Одоо Төрийн өмчийн компаниуд болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай зээлүүд үлдсэн байна. Түүний дунд Эрчим хүчний салбартай холбоотой нэлээн том зээл байгаа.
Энэ зээлүүд нь барьцаа хөрөнгөгүй, эргэн төлөлтгүй, чанаргүй болсон зээлүүд байдаг.
Таны эсэргүүцээд байгаа тогтоолын ачаар энэхүү зээлүүд төлөгдөх юм.
Ц.Даваасүрэн гишүүн танаас залуу гишүүд үлгэр дуурайлал хайдаг шүү. Бусад руу дайрч давшилдаг үе өнгөрсөн. Мөн Ц.Даваасүрэн гишүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Чуулганы үеэр миний нэрийг дурдаад, ПИАР хийж өгсөнд нь маш их баяртай байгаа. Танд амжилт хүсье” гэв.