Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээл болон валютын нөөцтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газраас Ипотекийн зээлийг энэ оны төгсгөл хүртэл сунгах шийдвэр гаргахад Монголбанкны зүгээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.
Одоо ковидын нөхцөл байдал намжсан. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийнхыг нь санхүүжүүлдэг тул энэхүү зээл зайлшгүй эргэн төлөгдөх шаардлагатай.
Хугацааг нь сунгаснаар зээлдэгчдийн өр арилахгүй. Зээлээ эрт төлж л байвал тухайн орон сууц эзэндээ эрт очно гэж ойлгох хэрэгтэй.
Зээлдэгчид маань анх банкуудтай гэрээ байгуулахдаа орлогынхоо эх үүсвэрийг нотлоод, сар болгон тогтмол төлөх дүнгээ уян хатнаар тогтдог. Тиймээс орлого тасалдаагүй нөхцөлд иргэд зээлээ төлөхөд асуудал байхгүй гэж харж байна. Монгол улсын валютын нөөц экспортоороо нөхөгддөг. Экспортын бүтээгдэхүүний 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна.
Жилдээ 36 сая тонн нүүрс экспортолдог байсан бол одоо 20 сая тонн болсон. Ковидоос өмнөх хэвийн нөхцөлд хүртэл хугацаа шаардана.
Экспортын орлого цэвэр бэлэн мөнгөөр орж ирэхгүй байгаа нь валютын нөөцөд дарамт учруулж байна.
Экспорт нэмэгдвэл валютын нөөцөд асуудал үүсэхгүй” гэлээ.