Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам ярихдаа “2022-2023 оны улирлын томуугийн вакцинжуулах үйл ажиллагаа тавдугаар сараас эхэлсэн. Энэ сарын 15-ныг хүртэл дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Тиймээс хугацаандаа амжиж вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалж байна.
2022 онд Монгол Улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авахаар болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 45,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 545,000 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн Грийн кросс үйлдвэрийн томуугийн эсрэг А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх вакциныг хийж байна.
Дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, байнгын болон түр цэгүүдээр зохион байгуулж байна.” гэдгийг хэллээ.