УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа.
Уг хурлаар Ардчилсан намын бүлгээс намын бүхий л салбар нэгж, гишүүддээ нээлттэй хандаж, хамтарч ажиллах уриалгын төсөл, Газрын багц хуульд завсарлага авсан тухай, Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн “Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого” хэсгийн биелэлтийн талаар тус тус хэлэлцсэн байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид оролцохыг хүсвэл бүлэг бүрэн нээлттэй байх болно. Нийгэмд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг ч хийх боломжтой.
Газрын тухай хууль бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох хэмжээний том хууль. Гэтэл боловсруулалт маш муу, газар чөлөөлөлттэй холбоотой асуудал их байна.
Орон нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээний заалтууд, түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг огт хөндөөгүй байсан. Иймд манай бүлэг тав хоногийн завсарлага авсан” гэв.
Мөн тэрбээр “МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан “Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого” хэсгийнхээ хүрээнд улсын хэмжээнд нэг ч жишиг сумын төсөл хэрэгжүүлээгүй. Мөн 21 аймагт 5000 түрээсийн орон сууц барина гэсэн. Энэ төсөл мөн л хэрэгжээгүй.
Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ гэсэн. Гэвч 2016 оноос хойш ИТХ, Иргэдийн нийтийн хурал хэлбэр төдий зүйл байсаар байна. Иргэдийн хурал гэж гарч ирээд, Засаг даргаа томилдог байсан бол сая Ховд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайдын саналаар өөрчиллөө.
Аймаг бүрт “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн үүн дээр хэлэх ч үг алга. Урагшлалт биш ухралт гарч байна. Түгжрэл, утаа гэх мэт олон асуудлыг МАН шийдэж чадаагүй. Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн эргэн нэг харж, дүгнэлт хийгээсэй” гэж ярилаа.