Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлтэй холбоотой зарим шийдвэр, мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр “Хот, хөдөөгийн зохист хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих эрх зүй орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагын төсвийн захирагч бүр салбарын нэгж байгууллагын албан хаагчдынхаа 10 хувиас доошгүйг орон нутаг руу шилжүүлэх бодлогыг барьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт мөн үүрэг болголоо” гэв.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын гаргасан саналын дагуу нийслэлийн бүтцийг дахин тодотгосныг тэрбээр онцоллоо. Ингэхдээ нийслэлийн гурван агентлагийг татан буулгаж, тэдний үйл ажиллагааг бусад газар, байгууллагын ажил үүрэг дээр нэмэн гүйцэтгэхээр болсон байна.