Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийн дагуу зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн алслагдсан зам болох Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замд одоогийн байдлаар халтиргаа гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд нийслэлийн томоохон замын уулзварууд, өгсүүр замд давс, бодисыг нэмэлтээр цацаж байна. Түүнчлэн хотын гол магистрал төв замуудад маршрутын дагуу давс, бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажил үргэлжилсээр байгаа юм.
Өчигдөр 15:00 цагийн байдлаар 71 тонн бодис, 161 тонн давс цацсан бөгөөд 2298.34 тонн бодис, 4582.57 тонн давс үлдэгдэлтэй байна. Мөн авто замын нуух, явган хүний зам, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээ болон хогийн сав суллах, хөлдсөн мөсний цэвэрлэгээг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчин, албан хаагчид хийж гүйцэтгэж байгаа юм.