МҮЭ-ийн холбоо хүүхэд хамгааллын бодлогод онцгой анхаарч ажиллана

Өнөөдөр /2022.12.13/ нийгмийн түншлэгч талууд болох МҮЭ-ийн холбоо, ХНХЯ, МАОЭНХ, МХАҮТ хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хүүхэд хамгааллын чиглэлээр үндэсний хэмжээний “Багш арга зүйч” бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажилтны ажил амьдралын цагийг зохицуулах, хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх дэлгэрүүлэх хүрээнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж буй юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат

“Бүх салбар, хувийн хэвшил, бизнесийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрх ба бизнесийн зарчмыг тайлбарлан түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ шаардлага та бидний өмнө ирээд байна. МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөрийн дөрөвдүгээрт “ҮЭ-ийн ажилтан, сонгуультны цалин хөлс, нийгмийн хамгааллыг үе шаттай сайжруулж, дадлага туршлага бүхий ажилтнуудынхаа тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тусгасан байдаг. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн  2018 оны 03 дугаар тогтоолоор байгууллага бүр дэргэдээ эцэг эхийн зөвлөлтэй болохыг баталсан.

Хүүхэд хамгааллын жишиг бодлого, Эцэг эхийн зөвлөл байгуулах зөвлөмжийн хүрээнд МҮЭ-ийн холбоо нь өөрийн харьяа болон бүх гишүүн байгууллагууддаа чиглэл хүргүүлж “Эцэг, эхийн зөвлөл” байгуулан ажиллаж байна. Цаашид хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг анхан шатны нэгж бүрд хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургагч багш нарыг үндэсний хэмжээнд тогтмол бэлтгэх, нийгмийн түншлэгч  талууд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт тодорхой тусгаж улс орны хойч үе ирээдүйг авч явах хүүхэд багачуудын нийгмийн асуудлыг одооноос шийдвэрлэж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолж байсан юм. 

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтад хамрагдсан оролцогчид хүүхэд хамгааллын бодлогыг түгээн дэлгэрүүлэх төрийн бүх шатны байгууллага, бизнесийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан  сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах чадавхыг  эзэмших юм. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …