Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкны эрх хүлээн авагчаас авах өр төлбөр болон цаг үеийн асуудлаар МҮЭ-ийн холбооноос байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн хурлын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Капитал банканд байршиж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөр барагдахгүй олон жил болж байна. МҮЭ-ийн холбоо удаа дараа шаардаж байсан. 2019 онд уг асуудлаар хандахад эрх хүлээн авагчийн зүгээс банкны тухай хуулийн төлбөр барагдуулах дарааллын 8 дугаар зүйлд оруулсныг эсэргүүцэж нэн тэргүүнд буюу ААНБ-ын хадгаламжийн ангилалд оруулах шаардлага тавьж шүүхээр шийдвэрлүүлж байсан.
Гэвч одоог хүртэл Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө шийдвэрлэгдэхгүй байсаар байгаа бөгөөд эрх хүлээн авагчид буюу Монгол банкны албан тушаалтнууд хураагдсан хөрөнгөөс завшсаар байна. Иймд МҮЭ-ийн холбоо Капитал банканд алдсан өр төлбөрийг хүү алдангитай хамт учирсан хохирлыг төлүүлэх, хураагдсан хөрөнгөөс завшсан эрх хүлээн авагч нарт хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Нийгмийн даатгал, ЭМД-ын Капитал банкнаас авах авлагын талаар нээлттэй сонсгол хийж зээлдэгчдэд хариуцлага тооцох, ийм нөхцөл байдалд хүргэсэн хүмүүст давхар хариуцлага тооцож асуудлыг шийдвэрлэх хүртэл МҮЭ-ийн холбоо тэмцэх болно.
Улсын төсөв хүнд, валютын ханш өссөн цалин хөлс нэмэх хөрөнгө муу байгаа учир МҮЭ-ийн холбоо Монгол орны газрын баялгийг хууль бусаар хулгайлах явдлыг таслан зогсоож алдагдсан хөрөнгийг улсын төсөвт нэмэлтээр тусгаж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, цаашид иргэдэд Эрдэнэс таван толгойн хувьцааны ногдол ашгийг олгох, баялгийг тэгш хүртээмжтэй хуваарилах талаар Засгийн газар, Улсын Их хуралд шаардлага хүргүүлж байсан.
Мөн Засгийн Газар болон УИХ-ын хариуцлагатай албан тушаалтнуудын зүгээс удаа дараа нүүрсний хулгайн талаар мэдэгдлээ. Иймд Нүүрсний хулгайн асуудлыг ил тод, шударга, олон нийтийн оролцоог ханган шалгаж хариуцлага тооцохыг шаардаж байна. Байгалийн баялгийг хяналтгүйгээр гаргаж байгаа асуудлыг нэн даруй хариуцлага тооцож өмнө нь уг системд ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох, нүүрсний хулгайн мөнгийг хүү алдангийн хамт төсөвт эгүүлэн төсвийн тодотгол хийн татаж цалин хөлс нийгмийн хамгаалал үнэ тариф тогтворжуулах нөөц бүрдүүлэхэд зарцуулж,иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж байна” хэлсэн юм.