“Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин хэлэлцье” гэв

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “2023 оны улсын төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсний талаар хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний талаар” танилцуулж, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар 2023 оны улсын төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар санал байр сууриа танилцуулсан юм.

Энэ үеэр ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос МҮЭ-ийн холбооны хүргүүлсэн нэгдсэн санал байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

Засгийн газар ойлголцлын журмаар цалинг нэмэгдүүлэх байр суурьтай байгаа

ХНХ-ын сайд, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дарга Т.Аюурсайхан “2023 оны улсын төсвийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулаад Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо ээлжит бусаар хуралдаж байна. Бид өмнөх хуралдаанаар мэдээлэл солилцсон бол 2023 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж байна. Засгийн Газрын төлөөллийн зүгээс төсвийн төсөлд тодорхой боломжуудын талаар танилцуулсан. Ирэх жилийн төсөвт 287.5 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд төсөвлөж УИХ-аар хэлэлцэж байна.

ХНЗ-ийн гурван талт Үндэсний хорооны хурлаар Төрийн албан  хаагчийн цалингийн нэмэгдлийг ялгаа гаргахгүйгээр хуваарилах саналуудыг хэлэлцлээ. Мөн хэдэн хувиар хэрхэн нэмэгдүүлэх тухай дараагийн хуралдаануудаараа хамтдаа сууж хэлэлцэхээр тогтлоо. Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ эдэлдэг. Төсвийн хууль батлагдаагүй, төсвийн нэмэгдлийн тоо хэмжээ албан ёсоор шийдэгдээгүй учраас энэ удаагийн хурлаар бид албан ёсоор ямар нэгэн шийдвэр гаргахгүй. УИХ төсөв баталсны дараа дахин хуралдаж санал солилцоно. ХНХЯ-ны чиг үүрэг бол , Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулж шийдүүлдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд талуудынхаа саналыг авч хүргүүлнэ.

Төрийн хяналтын хуульд бусад нэмэгдэл, урамшуулал, шагнал олгохыг хориглодог. Гэтэл Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжоор заасан нэмэгдэл, шагнал, урамшууллыг “Энэ хуулийг далимдуулаад буруу хэрэгжүүлээд олгохгүй байна” гэсэн санал, мэдээллүүд гарч байна. Энэ чиглэлээр бид холбогдох эрх бүхий субъектээс тодруулах чиглэл өгч ажиллана. Засгийн газар ч гэсэн талуудтай ойлголцлын журмаар асуудлыг шийдэх байр суурьтай байгаа. Энэ төсвийн реформын гол амин сүнс нь нэгдсэн нэг бодлоготойгоор төсвийн асуудлаа авч явах юм.

УИХ-ын гишүүд тойрогтоо төсвөөс тодорхой хөрөнгө оруулалтын зардлыг санаачилж шийдвэрлэдэг бус нэгдсэн нэг бодлогоор энэ төсвөө хуваарилдаг болгох зарчимд шилжиж байна. Үүнтэй нэгэн адил талууд цалин хөлс тогтоох, нэмэгдлийг олгохдоо нэгдсэн нэг бодлогоор явъя. Тэгэхгүй аливаа аль нэг салбар нь цалингаа өөрийн салбарын хуулиараа тодорхой хэмжээгээр шийдчихдэг өөр өөр цалингийн шатлалаар цалинждаг асуудлуудыг зогсоох саналуудыг тавьж байна. ХНХ-ын яамны зүгээс төрийн албан хаагчдын цаллинг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин хэлэлцье гэдгээ илэрхийлсэн”.

Үйлдвэрчний эвлэл шаардлага, саналуудаа тавьсаар байх болно

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭ-ийн холбооноос 2023 оны улсын төсөвт хамтын гэрээ, хэлэлцээрт заагдсан цалин хөлс, орлогыг инфляцтай уялдуулж нэмэгдүүлье гэсэн саналыг хүргүүлсэн. Яагаад гэвэл ирэх 2023 оны төсөвт нийт ард иргэд, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хүртээмжтэй байх хүлээлттэй байгаа. МҮЭ-ийн холбооны тавьж байгаа гол зарчим бол хүн бүрийн цалин хөлс, орлогыг инфляцын түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлттэй уялдуулж нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага юм.

Өөрөөр хэлбэл худалдан авах чадварыг нь ядаж хадгалах хэрэгтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх амлалтыг шаардаж байгаа юм. Тийм учраас төсвийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдлийн багцыг нэмэгдүүлэхдээ инфляцтайгаа уялдуулах, шударга нэмэгдүүлэх зарчмыг Үндэсний хороогоороо зөвшилцөж ижил, хүртээмжтэй байх байдлаар нь төсвийн төсөлд тавьж шийдвэрлэх нь чухал, хоёрдугаарт мөрийн хөтөлбөрт ХАОАТ-ын хөнгөлөлтийг нэмэгдүүлэхээр туссан. Ер нь цаашдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны баталгаат доод түвшинтэй уялдуулж татварын хөнгөлөлтөө үзүүлэх зарчмыг ҮЭ зөв гэж харж байгаа.

Гуравдугаарт нь төсвийн хэмнэлтийн хуулиар далимдуулж хамтын гэрээ хэлэлцээрээр тохиролцсон заасан зардлуудыг танах ёсгүй. Энэ бол хэмнэлтийн тухай хуульд хамаарахгүй. Дөрөвдүгээрт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл гэж байдаг бол нэгдсэн бодлогоор уялдаа холбоотой болгох зүйлийг тавьж байгаа юм.

Хамгийн тулгамдаж байгаа асуудал хүний нөөцийн маш их том дутагдалд орсон байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал болж хувирах гэж байна. Тийм учраас цалин хөлсний болон урамшууллын реформын шинэчлэлүүдийг нэн яаралтай хийхгүй бол эцсийн дүндээ үйлдвэрлэл, эдийн засгийг төрөлжүүлэх зүйлс байхгүй болчихно.

Энэ удаагийн хурлаар тодорхой мэдээлэл, байр суурийг солилцлоо. Дахин хуралдаж тодорхой шийдлүүд гаргахаар тохиролцсон. УИХ-аар төсөв орчихсон байгаа учраас төсвийн орлогуудыг нэлээн шахах хэрэгтэй байж байна.  Тэгэхээр энэ төсвийн боломжийг дайчлаад, батлагдсаны дараа ч гэсэн нэмэлт эх үүсвэр гаргаж цалин хөлс, орлого, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудыг шийдэхгүй бол үндсэндээ Монголын хүн амын хоёр хувь нь дэндүү баян, 98 хувь нь үндсэндээ бараг ядуу, дундаж цалин орлоготой гэж байгаа тэр хэсэг нь улам л цөөрөх эрсдэлтэй байна. Тийм учраас хөдөлмөрийн үнэлэмжийн хувьд том реформ хийх хэрэгтэй байна. Орон нутгийн нэмэгдэл гэдэг байдлаар 20 хувь, дээр тодорхой нэмэгдлүүдийг тухайн орон нутаг нь бас шийдэх гэдэг зарчмын байр суурьтай байгаа юм.

Ер нь инфляцаа давсан цалингийнхаа тохируулгыг хийчихээд тэрний дараа бүтээмжээс хамаарсан урамшуулал, цалингийн үр дүнгийн тогтолцоо гэдэг зарчмаар явдаг онолтой. Тийм учраас үйлдвэрчний эвлэлийн байгууллага асуудлуудаа ярилцаад, ойрын хугацаанд төсөв батлахаас өмнө саналаа тусгахын төлөө тууштай ажиллана”.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …