МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “УИХ, Засгийн Газар мөрийн хөтөлбөртөө инфляцын түвшинтэй уялдуулж цалин орлого тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэх амлалт өгсөн.
Нэг талаас иргэд хөдөлмөрчид хүлээлттэй байгаа нөгөө талаас Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны улсын төсвийг батлахтай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарсан дүрэм журам, Төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалын ажилтнуудын цалин хөлс, Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоогоор төрийн албан хаагчдын цалин, илүү цагийн хөлсийг бүрэн гүйцэд тусгах шаардлагатай байгаа.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг дутуу олгосонтой холбогдуулан дагаж гардаг маргаан иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг хохироохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэж хэлэв.
Тус хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Төрийн албаны болон хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлстэй холбогдсон дүрэм, журмын боловсруулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн бол Сангийн яамнаас “2023 оны улсын төсөв ба Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал”-ын талаар мэдээлэв.
Мөн “Төрийн албаны зөвлөл”-ийн гишүүн С.Цэдэндамбаа “Төрийн ангилал зэрэглэлийг боловсронгуй болгох цалин хөлсний тогтолцоог шинэчлэх асуудал”-аар мэдээлэл өгсөн ба төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаа, хүний нөөцийн тулгамдаж буй асуудлуудын хүрээнд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн удирдлага, идэвхтэн сонгуультнууд асуудал дэвшүүлж хэлэлцүүлж байсан юм.