Засгийн газрын 12-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгаж, нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болгов.
“Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг ОХУ-тай эцэслэн тохирох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, зохих арга хэмжээ авах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан боловсруулж байгаа хууль, тогтоомжийн төслийг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын эхний хагаст багтаан зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгав.