Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон ХАБЭА-н хууль тогтоомж, дагалдаж гарсан журмуудыг ноос ноолуурын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, ажлын байранд гарч болзошгүй ХАБЭА-н эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн хүрээний аливаа маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэх ур чадварыг байгууллагын хүний нөөцийн ажилтан ХАБЭА-н инженер, ҮЭ-ийн хороодын дарга нарт олгох зорилгоор “Ноос ноолуурын салбарт Хөдөлмөрийн тухай болон ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах нь” сэдэвт сургалт эхэллээ. Тус сургалтыг Европын холбооны дэмжлэгтэйгээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Монголын Хөнгөн Үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Ноос ноолуурын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир нар нээлтийн үг хэлж Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж ҮЭ-ийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар онцлов.
Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийн төрлүүд, ноос ноолуурын салбар дахь хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, хэрэгжилтийн нөхцөл байдал, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналтын хуудсаар хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг танилцуулан ҮО, МШӨ-ийг бууруулах чиглэлд анхаарч ажиллах ажлын төлөвлөгөөг хэлэлцэх юм.