Монгол Улсын дээд шүүхийн Архивын ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэр гавьяаныхаа амралтыг авч байгаатай холбогдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээний үеэр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Архивын мэргэжил бол түүхийн үнэн зөвийн баталгаа болсон нотлох баримтыг хамгаалдаг онцлогтой хууль зүйн мэргэжил. Архивын баримт бичгийг алдаа, дутагдалгүй бүртгэн хамгаалахаас гадна номын санг хариуцаж шүүгч, ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч байсанд тань баярлалаа. Таны шударга ёсны төлөөх цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ. Мөн шүүгч Б.Батцэрэн баяр хүргэж хэлсэн үгэндээ “Цаг хугацаа ус мэт урсан өнгөрөхөд архив уул мэт сүндэрлэн үлдэнэ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн титэм үг байдаг. Шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа цаасан дээр үлддэг онцлогтой. Энэ бүгд төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартад нийцэж, хадгалагдсанаар судалгааны эргэлтэд ордог. Өнгөрснөөсөө суралцаж, үлдээсэн туршлага, мэдлэгийг эргэж харж ирээдүйгээ бүтээж байх ёстой. Үүнд архив, бичиг хэргийн ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Шүүхийн байгууллагад зориулсан таны олон жилийн хөдөлмөр, бүтээл тань хамт олонд маань үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна” гээд цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр баримт, бичгийг архивлаж шүүхийн түүх болгон үлдээсэн эрхэм үйлсэд нь талархаж буйгаа хамт олныхоо өмнөөс илэрхийлээд ажлын дурсамж тээсэн гэрэл зургийн цомгийг хадгалуулав.
Архивын ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Тэгшдэлгэр 1980 онд Улсын дээд шүүхэд бичиг хүргэгчээр ажилд орж, 1987-2003 онд бичиг хэргийн эрхлэгч, 2003 оноос өнөөг хүртэл архив, номын сангийн ажил хариуцан ажиллаж байгаа юм. Тэрбээр “42 жил сайхан хамт олонтойгоо ажил үүргээ гүйцэтгэн, жаргал зовлонгоо хуваалцаж нэгэн гэр бүл мэт байлаа. Та бүхэндээ маш их баярлаж байна” гээд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын амжилт хүслээ.