Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.
Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар буюу онлайнаар хүсэлтээ илгээх боломжтой.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 4-нөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан.
Иргэд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
18 нас хүрч буй иргэний хувьд хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой” гэв.