УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.12.09/ хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ
1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийн танилцуулгыг бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж
2. Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулгыг бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат
3. “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг бүлгийн хуулийн зөвлөх Х.Эржан тус тус танилцууллаа.
4. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачилсан Эвлэрлийн ажлын хэсгийн үйл ажиллагаа, хурлын явцын талаарх мэдээллийг тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өглөө.
Бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.
Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнгөрч буй намрын чуулган асуудал шийдэх гол чуулган ч байсан бодлого шийдвэр гарч чадсангүй. Шийдэх ёстой асуудлуудыг өөр тийш чиглүүлэн энэ бүхэнд Үндсэн хууль буруутай юм шиг хандсаар ирсэн.
Дэлхийн эдийн засаг амаргүй байгаа энэ үед гол хуулиудыг хууль болгож бодлогыг боловсруулж чадсангүй. Уул уурхайн бус экспортыг шийдэх ёстой байсан ч шийдэл гарсангүй.
Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлт зэрэг асуудлууд шийдвэрлэгдэж чадахгүй чуулган өндөрлөдөг. АН-ыг бүлгийн гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй байна” гэв.
Мөн тэрээр “Энэ сарын 13-ны өдрийн хурал болдгоороо болно. 400 гаруй Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дийлэнх нь энэ хурлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ, Х.Баттулга даргатай гэж байгаа хэсгүүд үндсэндээ Ардчилсан нам өөр өөрийнхөө асуудлыг шийдэж чадсангүй. Бүлэг гэж байгаа нь гуравдагч тал огт биш. Бид бүгд дундаа нэг л хүмүүс байгаа. Ардчилсан намын бүлэгт бас тодорхой үүрэг хариуцлага ноогдож байгаа гэж бүлгийн гишүүд үзэж байгаа. Ямартай ч тав дахийн хурал болно. Харин энэ хурал дээр маргалдаж байгаа талууд үнэхээр эв зүйгээ олох шийдэл байгаа бол маш сайн байна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Гэмт хэргээрээ барьцаалагдсан увайгүй нөхдүүд 2024 оны сонгуульд АН-ыг ялагдуулахаар зэрэгцэн алхаж байна. Тийм учраас АН-ын бүлэг энэ их эвлэрлийн ажлын хэсгийг зохион байгуулж үүний үр дүнд АН-ын дундаа байдаг, эрүүл саруул ухаантай үндэсний бодлогын хорооны гишүүд хамтарч дүрмийн дагуу хурлаа хийж, намын даргаа сонгохоор зорьж байна” гэв.
Эвлэрлийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “АН-ын бүлгээс намынхаа гишүүдийн манлайллын үүднээс 14 хоногийн өмнө их эвлэрлийн ажлын хэсэг байгуулж 4 удаагийн хурал хийсэн. Үүний нэг нь зөвлөлдөх зөвлөл хурал байлаа.
Нийт 215 гишүүн хамрагдсан. Олон талаар хуралдаж энэ долоо хоногийн сүүлээр шинэ үндсэн хууль батлагдсан өдрөөр АН-ын үндэсний бодлогын хороо хуралдахаар шийдвэр гарсан байгаа. Үүнд маргалдагч талуудын үндэсний бодлогын хорооны гишүүн ихэнх хүмүүс ирнэ. АН-ын үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүд байдаг. Ирэх хурлаар 300 орчим оролцож АН-д тулгараад асуудлаа шийдэхээр болоод байна” гэв.