Эрүүл мэндийн сайд С.Чинзориг харьяа байгууллагуудын дарга нартай уулзаж, эрүүл мэндийн салбарт Засгийн газрын тавьж буй бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд баримталж ажиллах зарчим, тавих шаардлагаа танилцуулж, тодорхой үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр эмч, эмнэлгийн ажилтнууд сүүлийн гурван жилд ковидын халдварын амаргүй хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилласныг онцлоод 2023 онд эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч, хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг, эрүүл мэндийн боловсролтой болгоход чиглэсэн үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэдгийг хэллээ.
Эрүүл мэндийн салбарын стандартуудыг шинэчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартыг боловсруулж нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг сайд дурдаад энэ чиглэлд тодорхой асуудлуудыг хийж хэрэгжүүлнэ гэв.
“Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс амаар болон бичгээр шаардахгүй байх зарчим эрүүл мэндийн салбарт ч үйлчлэх ёстой гэж үзэж байгаа.
Хамгийн наад зах нь иргэнээс шаарддаг 13А маягтыг цахимжуулж хоёрдугаар улирлаас цаасаар авахгүй болгоно.
Үүнтэй холбоотойгоор иргэдийг чирэгдүүлэхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй шат шатны эмнэлгүүдийн ачааллыг нэмэхгүй байх арга замыг тодорхойлоход ажил хариуцаж буй хүмүүсийн санал чухал гэдгийг анхаарууллаа.