Н.Шинэбаатар:Сүүлийн 3 хоногийн хугацаанд 39 хүн угаартаж, 3 хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

Өнгөрсөн онд угаарын хийд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ?

Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг.

Угаарын хийд хордож, амь нас эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээллийг өнгөрсөн онтой харьцуулахад 2022 онд 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс хүний амь нас хохирсон 26 тохиолдол бүртгэгдсэн байна.

Он гарснаас хойш угаарын хийд хордсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн үү?

Цагдаагийн байгууллагад сүүлийн 3 хоногийн хугацаанд гэхэд л 39 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартаж, 3 хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Угаарын хийн хордлогын шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас судалж үзэхэд хувь хүний өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаас шалтгаалж угаарын хийн хордлогод өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох асуудлууд гарч байна. Тухайлбал: Зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан их хэмжээний хөө тортогтой, түлш буруу түлсэн гэх зэргээс шалтгаалан угаарын хийд хордох тохиолдол гарч байна.

Иргэд угаартсан гэдгээ мэдэх боломжтой юу?

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй. Харин угаарын хий мэдрэгч төхөөрөмж угаарын хийг мэдрэн дохио өгдөг. Тиймээс л айл, өрхүүдийг угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байгаа юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн үед 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг. Шар гэрэл анивчиж байвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Төхөөрөмжид улаан гэрэл асаж, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэртээ  агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэцэн дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах, хэрэглэгчийн гарын авлагад буй заавар, зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж шалган, анхааралтай байхыг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагаас угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулсан. Энэ нь үр дүнгээ хэр өгч байна вэ?

Цагдаагийн байгууллага угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах чиглэлээр аян, арга хэмжээнүүдийг жил бүр шат дараатайгаар зохион байгуулж ирсэн. Тухайлбал:Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас “Яндангаа хөөлье”, “Утааг үдье”, “Орчны бохирдлыг бууруулъя”, “Өнтэй өвөлжье” зэрэг хэд хэдэн нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулсан.

Энэ онд угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөл, хор аюулын талаар иргэд, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөв галлагаа, угаар мэдрэгчийг хэрхэн зөв ажиллуулах талаарх заавар, зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий 31 төрлийн зурагт хуудас, богино хэмжээний 13 төрлийн видео, 3 нэвтрүүлэг, 3 нийтлэл, нийт 50 мэдээ, мэдээлэл бэлтгэн цахим орчинд түгээсэн нь 1.098.640 хүнд хүрч, угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан тохиолдол өмнөх оны  мөн үетэй харьцуулахад 15 нэгжээр буюу 36.6 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгнө үү.

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …