Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны ҮЭ-ийн холбооноос инфляцын түвшинтэй уялдуулан иргэд хөдөлмөрчдийн цалинг ялгаварлалгүй 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхгүй бол дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
Энэ үеэр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, МЭМАҮЭХолбооны дарга Ч.Нарантуяа нар “Холбогдох санал шаардлагыг УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлж, цалингийн нэмэлт хэлэлцээрийг байгуулахыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Үндэсний гурван талт хороонд тавьж, Монгол Улсын 2023 оны төсвийн хэлэлцүүлгийг үеэр энэ асуудлаар тодорхой байр суурь илэрхийлж байсан боловч Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар цалин хөлс нэмэгдүүлэх эцсийн шийдвэрийг хэлэлцэлгүй төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар тогтоолоор гаргасан нь иргэд, хөдөлмөрчдийг ялгаварласан шийдвэр гэж үзэхээр байна.
Энэхүү 488 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний бага дунд боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний мэргэжлийн боловсролын салбарын ажилнуудын цалин нэмэгдээгүй. Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин хөлс нь боловсролын салбарын ажилтнуудын 30 хувьд нь хамаарч байгаа бол 70 хувьд цалин хөлс нэмэгдэхгүй байгаа нь шударга бус байгаа талаар аймаг, салбарын ҮЭ-ийн холбоод, ҮЭ-ийн гишүүдийн зүгээс энэ асуудлаар гомдол санал ирүүлж байна” гэж хэллээ.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл “Төрийн нийтлэг үйлчилгээний нэгдүгээр ангиллын ажилчдын цалин дээд тал нь 79 мянган төгрөг, доод тал нь 41 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг ХХДХ-тэй харьцуулахад 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Төрийн захиргааны албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй харьцуулахад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 дахин бага нэмэгдсэн. Мөн Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Энэхүү журмаар төрийн албанд нэг жил ажиллаад нэг хувийн нэмэгдэл, 26-аас дээш жил ажилласан бол ажилласан жилийнхээ тоогоор хувьчилан нэмэгдэл авах ёстой ч тэрхүү нэмэгдэл олгогдохгүй байна.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоол гарсан боловч инфляцыг нөхөж чадахгүй байгаагаас бидний цалингийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан.
Иймд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт 2023-2024 оны Улсын хэлэлцээрийг нэн яаралтай эхлүүлэх,
Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг ялгаваргүйгээр 50-иас доошгүй хувиар 2023 оны 2 дугаар сард багтаан нэмэгдүүлэх,
Боловсрол ШУ-ны яам, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 2022-2023 оны хооронд байгуулсан хамтын хэлэлцээрийн 2.5.5 дах заалтыг хэрэгжүүлэх
Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляци, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан тэмцлийн үйл ажиллагаанд шилжих болно” гэдгээ хэлсэн юм.
Мөн өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо оролцож эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа “Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзах санал хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.
Гүйцэтгэлийн санхүүжилтийг бодитоор хэрэгжүүлбэл үр дүн гарч байгаа ч энэ нь цөөн хэдэн эмнэлэгт хэрэгжиж байна.
Анхан шат буюу өрх, сумын болон аймаг дүүргийн эмнэлгүүдэд бүрэн хэрэгжихгүй байна. Иймд салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж туйлын доогуур байгаатай холбогдуулан суурь цалин буюу үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхээр шаардсан шаардлагаа шийдвэрлүүлэхийн төлөө эмч, ажилтнууд тэмцэхэд бэлэн” байгааг мэдэгдлээ.