Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан аймгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлтөд эрдэмтдийнхээ үгийг сонсож, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, зарим зөвлөх үйлчилгээг эрдэмтдийн зөвлөлөөрөө гүйцэтгүүлэх, бүх сумын Засаг дарга нар дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан.
Төв аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэмтдийн зөвлөл”-тэйгээ хамтран Чингис хаан музейд “Монгол төрийн голомт” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.01.20/ зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг сумын удирдлагууд, Төв аймгийн нутгаас төрөн гарсан академич, эрдэмтэд, доктор, профессорууд, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцож байна.
Өнөөдрийн байдлаар Төв аймгаараа овоглосон 5 академич, 220 гаруй доктор, профессорууд, олон залуу судлаачид гадаад, дотоодын эдийн засаг нийгмийн салбарт судалгаа, шинжилгээний ажил хийж, улсынхаа төдийгүй дэлхий нийтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна гэж Төв аймгийн Засаг дарга Д. Мөнхбаатар онцлон хэллээ.
Төв аймаг бодлого шийдвэрээ гаргахдаа судалгаа шинжилгээнд үндэслэн, шинжлэх ухаанч гарц шийдлийг эрэлхийлэн ажилладаг бөгөөд Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлж, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, соёлын болон аялал жуулчлалын стратеги төлөвлөлтүүдээ эрдэмтдийн баг судлаачидтайгаа хамтран боловсруулж амжилттай хэрэгжүүлж байгаа юм.