МСНЭ-ийн ээлжит Их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл 2023 оны 01 сарын 19-нд хуралдан бүрэн эрхийн дөрвөн жилийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн тодорхойллоо.
Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хөгжил, нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгөх, цаашдын хөгжлийн хандлага, стратегийг тодорхойлох, үүн дундаа сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрэмбэлэх, мэргэжлийн нэр хүндийг өргөх, нийгмийн дэмжлэгийг хүлээхүйц төвшинд хүргэх зорилгыг дэвшүүллээ.
Дээрх зорилгод хүрэхийн тулд сэтгүүлч, редакц, салбарын бүхий л талуудыг уриалан зохион байгуулахад мэргэжлийн төв байгууллагын хувьд МСНЭ манлайллын үүрэг хүлээн ажиллахаар болж байна. Зорилгыг хэрэгжүүлэх үе шатыг жил жилээр төлөвлөх ба энэхүү 2023 оныг “Сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрхэмлэх” жил болгон зарлахаар тогтож, энэ хүрээнд үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.
Мөн Удирдах зөвлөлийн тус хуралдаанаар МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дүрмийн 4.27.4-ийг үндэслэн хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар хүсэлтийг хүлээн авч ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
МСНЭ—ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нь бүрэн эрхийнхээ хүрээнд буюу МСНЭ-ийн дүрмийн 4,60-ийг үндэслэн Удирдах зөвлөлийн гишүүн, Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Ууганбаярыг МСНЭ-ийн гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлснийг хэлэлцэв. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар Б.Ууганбаярыг Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөн Гүйцэтгэх захирлаар томиллоо.