Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтад зааснаар Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэйгөөр төлөвлөжээ.
Энэ дагуу Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр 2014-2023 он хүртэл гурван үе шаттай хэрэгжиж, зургаан дэд төвийг байгуулах юм.
Одоогийн байдлаар Баянхошуу болон Сэлбэ дэд төвийг байгуулаад байна.
Баянхошуу дэд төвийн хүрээнд 6.5 км зам, 6.7 км дулааны шугам, ариутгах татуургын 17 км шугам байгуулсан бөгөөд нам даралтын 29 зуух буулгасан нь 17,020 тонн нүүрсний хэрэглээг хассан.
Түүнчлэн дэд станц, усан сан, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын суваг, тохижилт, ногоон байгууламж, 70 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв зэргийг барьжээ.
Харин Сэлбэ дэд төвийн хүрээнд гурван гүүр, 6.8 км авто зам, 17 км дулааны шугам, ариутгах татуургын 2 км шугам, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын 2 км суваг, усан сан, дулааны станц зэргийг байгуулж, 35 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугамд холбосон байна.
Мөн 50 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв зэргийг барьжээ.
Төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулах бөгөөд ажил 46 хувьтай байгаа юм.
Дамбадаржаа дэд төвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хороонд 70.7 га талбайг хамарсан төлөвлөлтийг хийж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
Дэнжийн 1000 дэд төвийн хүрээнд 93 мВт-ын хийн түлшээр ажилладаг дулааны станц барина.
Төслийн хүрээнд мөн Сонгинохайрхан дүүрэгт 126 айлын орон сууц, аврах гал унтраах ангийн барилга барьж буй бөгөөд 650 хүний суудалтай спорт цогцолбор, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр, 240 хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн хөгжлийн төв зэргийг барих юм.