Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй “SAZ LE60” маркийн хоёр автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар өнөөдөр хүлээн авлаа.
Тус автобуснуудыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК үйлдвэрлэсэн бөгөөд нэг жилийн турш нийслэлд туршилтаар явуулах юм.
“SAZ LE60” маркийн автобус нь
- 56 хүний багтаамжтай
- Өвөл, зуны цаг агаарт тохирсон агааржуулалтын системтэй
- Камержуулалтын системтэй
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал болон налуу шаттай
- 45 хэмийн хүйтэнд тэсвэртэй, цонх цантахгүй зэрэг үзүүлэлттэй. Мөн дотоод эд ангийг нь Япон Улсын “ISUZU” ХХК-иас авдаг байна.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Авто замыг тэлснээр, шинээр барьснаар түгжрэл буурахгүй. Тиймээс хамгийн гол нь нийтийн тээврийг нэмэгдүүлэх нь чухал. Энэхүү хоёр автобусыг туршилтаар явуулахаар өгч буй нь цаашдын хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна” хэмээлээ.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК нь 1999 оноос хойш ачаа тээврийн машин, автобус үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОХУ, Гүрж, Украин, Казакстан, Тажикстан зэрэг улс руу экспортолдог аж. Тус компанийн орлогч захирал Ярашев.И.Т “SAZ LE60” маркийн автобусыг олон жилийн судалгаа, туршлагад үндэслэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгийг онцолж байв.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. 2022 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг, нийслэлийн нийт автомашины 0.02 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг гэсэн судалгаа бий. Иймд энэ хувийг өсгөж, нийтийн тээврийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс Засгийн газартай хамтран 2024 он хүртэл парк шинэчлэлийг үе шаттайгаар хийж байгаа билээ. Одоогийн байдлаар нийт 217 автобус орж ирээд байна. Энэ сард мөн 100 гаруй автобус шинээр авах юм.