Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 139 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 103 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 817 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 3 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 802 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “Н” нь төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан иргэний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх;
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалтан “С” нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын байранд цагдаагийн алба хаагч нарт иргэн “Г” зодуулсан гэх;
- “Ц” нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан иргэн “Ж” хахууль өгсөн гэх;
- “Б” нь Өвөрхангай аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- “Д” нь нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэх.