Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөнд ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дуудлага мэдээлэл өссөн. Иймээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллалаа. Тухайлбал, 880 орчим цэгт 506 алба хаагч ажиллаж, 50 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Телекамер буюу e-police аппликэйшнээр 43 мянга гаруй зөрчил илрүүллээ” гэв.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ авсан байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор баасан гараг бүр хяналт шалгалт хийх юм.
Зах, худалдааны төвийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа газар нэмэлтээр цагдаагийн алба хаагч ажиллуулж байгааг мөн хэлж байлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө алба хаагчдын харилцаа, хандлагад анхаарах хэрэгтэйг сануулж байв.