XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баяр ирэх долоо хоногт тохионо. Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум болон дэлхий дахинаа тархан суугаа монголчууд үндэсний том баяруудаа тэр тусмаа сар шинийн баяраа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамт угтаж, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Монголын үндэсний олон нийтийн телевиз сар шинийн баяраар үзэгч түмэндээ ямар нэвтрүүлэг, уран бүтээл хүргэх гэж буй талаар МҮОНТ-ийн Ерөнхий продюсер Д.Ганчимэгээс тодрууллаа.
-Сар шинийн баяр хаяанд ирж монголчууд баярын бэлтгэлээ хангахын зэрэгцээ МҮОНТ-ийн баярын хөтөлбөрийг хүлээж байгаа болов уу. Сар шинийн баярын өдрүүдээр үзэгч олонд ямар бэлэг барих вэ?
-Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үндэсний том болон бусад баяраар сонсогч, үзэгч олондоо зориулж баярын тусгай хөтөлбөрүүд, нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг. Энэ уламжлалын дагуу МҮОНТ-ийн уран бүтээлчид хоёр сар гаруй хугацааны өмнөөс сар шинийн баярын хөтөлбөрүүдийнхээ төлөвлөгөөг гаргаж, өнөөдрийн байдлаар зураг авалтын 90 орчим хувь нь дууссан.
Дуу, дүрсний эвлүүлгийн ажлууд үргэлжилж байна. Сар шинийн баяраар үзэгчдэд хүрэх эхний уран бүтээлүүд бэлэн болсон.
Монголын үндэсний олон нийтийн радио, “Монголын мэдээ”, “MNB Спорт”, “MNB World” суваг гээд МҮОНРТ-ийн бүх сувгийн уран бүтээлч, ажилтнууд сар шинийн баярын хөтөлбөр, уран бүтээлүүдээ бэлтгээд сонсогч, үзэгч, уншигч олонд хүргэхэд бэлэн болсон, зарим уран бүтээлүүд дээр одоо ид ажиллаж байна.
МҮОНРТ-ийн телевизийн сувгууд сар шинийн том хэмжээний 50 гаруй хөтөлбөр, уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэнэ. Зөвхөн МҮОНТ-ийн л гэхэд 100 гаруй уран бүтээлч, ажилтны бэлтгэсэн 30 гаруй нэвтрүүлэг, уран бүтээл үзэгч олны сар шинийн баяр дээр баяр нэмж хүрэх бөгөөд энэ дунд цуврал контентууд олон бий.
МҮОНТ-ийн сар шинийн баярын хөтөлбөрүүдийн эхний нэвтрүүлэг, уран бүтээлүүд өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 15-наас эхлэн үзэгч олонд хүрнэ.
Тодруулбал, МҮОНТ-ийн “Алтан сан хөмрөг”-т хадгалагдаж буй үе үеийн сар шинийн баярын хөтөлбөр, нэвтрүүлгүүдийг уран бүтээлчид, үүх түүхтэй нь дээжлэн хүргэх “Амар байна уу” хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 19-нийг дуустал цэнхэр дэлгэцээр толилуулна.
Мөн МҮОНТ-ийн сар шинийн баярын том хэмжээний хөтөлбөр, уран бүтээлүүд битүүний өдрөөс эхлэн сар шинийн баярын өдрүүдээр үзэгчдэд хүрнэ.
-МҮОНТ-ийн сар шинийн баярын бусад хөтөлбөрүүдийг илүү дэлгэрэнгүй танилцуулаач?
-“Монгол түмний мэнд” хөтөлбөрийг онцлон танилцуулъя. МҮОНТ-ийн уран бүтээлчид “Монгол түмний мэнд” хөтөлбөрийг санаачлан 2003 оноос уламжлал болгон үзэгч түмэндээ хүргэж байгаа.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүх дүүрэг, бүх аймгийн төлөөлөл оролцдог “Монгол түмний мэнд” хөтөлбөрийн агуулгыг энэ жилийн сар шинийн баяраар илүү өргөжүүлж, Монгол Улс нүүдэлчин соёлоо ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж буйтай холбоотойгоор монгол угсаатан бүрийн тээж буй биет болон биет бус өв, соёл уламжлал, зан заншил, амьдрал ахуйг харуулах маш өргөн цар хүрээтэй зургаан цагийн хөтөлбөр бэлтгэсэн байгаа.
Энэ баярын хөтөлбөрт залуу, дунд гээд гурван үеийн өв тээгчид оролцож байгаагаас ахмад үеийн төлөөлөл нь 90-ээс дээш настай ахмад өв тээгчид оролцоно. Мөн МҮОНРТ-ийн уран бүтээлийг баг БНХАУ-д очиж өвөр монголчууд, ОХУ-д очиж буриад, тува, халимаг үндэстний төлөөлөлтэй уулзан учирч ярилцлага, сурвалжилгууд бэлтгэж, маш шахуу хуваарьтайгаар шаргуу ажилласан.
Үүнээс гадна “Сувдан өргөө” таван өдрийн хөтөлбөр битүүнээс шинийн дөрвөнийг дуустал өдөр бүр үзэгчдэд хүрнэ.
Мөн Монгол Улсаас БНСУ, Япон, АНУ-д ажиллаж амьдарч буй, тухайн орондоо монгол өв соёлоо түгээж буй монголчуудыг нэгтгэсэн “Сар шинийн мэнд хөтөлбөр”-ийг бэлтгэсэн.
Энэ хөтөлбөрөөр дээрх эрхмүүд эх орондоо байгаа гэр бүл, дотно хүмүүс болон нийт монголчуудтайгаа учран золгоно.
Түүнчлэн Монголын үндэсний олон нийтийн телевиз сар шинийн баярт зориулан “Хүрээ донж” цагаан эсгийний ёслолын ажиллагаа, загварын шоу зохион байгуулсан.
Өмнө нь “Хүрээ донж” телевизийн хөтөлбөр, нэвтрүүлгийн хүрээнд зохион байгуулагддаг байсан бол сар шинийн баярын өмнө өвлийн үндэсний хувцасны, баяр наадмын өмнө зуны үндэсний хувцасны цагаан эсгийний ёслол, Монгол Улсын хэмжээний загварын шоу болгон өргөжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж ажилласан.
Анхны цагаан эсгийний ёслол, загварын шоу маш амжилттай зохион байгуулагдсан бөгөөд сар шинийн баяраар үзэгчдэд хүрнэ.
МҮОНТ телевизийн урлагийн бүх л л төрөл зүйлээр уран бүтээл бэлтгэн үзэгч олондоо өргөн барьдаг билээ. Энэ хүрээнд сар шинийн баярын теле нийтлэлүүд болон МҮОНТ-ийн үзэгч олонд хоногшсон нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийнхээ баярын тусгай дугааруудыг хүргэнэ.
Тухайлбал, “Өглөө” хөтөлбөр битүүнээс шинийн гурваныг дуустал сар шинийн баярын тусгай дугаар, мөн “Дөрвөн бэрх” хөтөлбөрийн сар шинийн баярын дугаар, Монгол ардын уртын дууны гайхамшгийг монголчууддаа, дэлхий дахинд хүргэсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уртын дууч С.Цоодолын уран бүтээлүүдээс бүрдсэн “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу”, Зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн уран бүтээлүүд, намтар түүхийг хүүрнэх “Гэгээн үдэш” нэвтрүүлэг, Ардын жүжигчин, нэрт урдын дууч Ч.Шархүүхэний хөрөг нэвтрүүлэг сар шинийн баярын өдрүүдээр үзэгчдэд хүрнэ.
Үүнээс гадна Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Шарав гуайн дууны бүтээлүүдийн тоглолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн “Тэнгэрийн хүлэг” хөгжмөн туульс, “Мөнх тэнгэрийн хүчин дор” тэргүүтэй энэ жил болсон тоглолтууд албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаа МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ.