Нийслэлийн дугаартай тээврийн хэрэгсэл товчоодод хураамж төлөхгүй

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаан 2013 оны 11 сарын 28-ны өдөр болж, Улаанбаатар хотын зам ашигласны татвартай болох талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2014 оны 1 сарын 1-нээс эхлэн авахаар боллоо. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 675,6 км авто замтай. Үүнээс 144,3 км нь гол гудамж зам, 280,9 км нь хорооллын доторх зам, 250,4 км туслах гудамж  талбайн замаас бүрддэг юм  байна. Харин 2013 оны авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогоор нийслэлд 262 374 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 176 560  суудлын 49 548  ачааны, 14 324  автобус, 10 067 тусгай зориулалтын машин, 1 172 мотоцикл, 3749 өөрөө явагч хэрэгсэл тоологдсон байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд өдөр тутам байнга оролцож элэгдэл үүсгэн эвдэж, сүйтгэдэг боловч зам ашигласныхаа хувьд ямар нэгэн төлбөр, хураамж төлдөггүй зөвхөн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагийнхаа төлөө хөрөнгийн татвар болох Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлдөг юм. Тиймээс Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгсэл эзэмшиж буй бүх иргэн аж ахуйн нэгж авто зам ашигласны төлбөрийг моторын хүчин чадал, хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад жилд нэг удаа авах юм. Энэхүү төлбөрөөр автозамыг нөхөн сэргээх, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулах бөгөөд нийслэлийн төсөвт 8,6 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн шалган бүртгэх товчоодоор нэвтрэн Улаанбаатар хот руу орж ирэхэд улсын дугаар харгалзахгүй 500 төгрөг авдаг байсан. Харин авто зам ашигласны төлбөрийг авч эхэлснээр улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авахгүй бөгөөд орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авахаар болсон юм. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөөнөөс хот руу орж ирэх чиглэлийг саармагжуулах зорилгоор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлөхөөр болсон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …