Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлж эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой зөвлөлдөх санал асуулга “Зөвлөлдөж шийдье” уриан дор болж өнгөрлөө.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнг хэлэлцэн гаргасан ЗӨВЛӨМЖ-өө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулав.
Үүний дараа Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, тус зөвлөлд Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшиж, ажилласан эдийн засагч Ө.Ганхуягаас дараах зүйлийг тодруулсан юм.
-Зөвлөлдөх зөвлөл маань улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгууллаа. Энэ санал асуулгаас ямар зөвлөмж гарч байна вэ?
-Зөвлөлдөх санал асуулгаар 22 асуудлыг хоёр үе шаттай авч хэлэлцсэн. Санал асуулгын нэг нь л иргэдийн саналаар уналаа. Тэр нь Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж, хэлэлцүүлэх гэдэг асуудал. Бусад 21 асуудал дэмжигдсэн. Тэр дундаа Ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бий болгох тухай асуудал өндөр хувиар дэмжигдсэн.
-Нэг дэх шат болон хоёр дахь шатны санал асуулгын дүнг харьцуулахад ямар ялгаа харагдсан бэ?
-Эхний шатны санал асуулгад иргэд “Мэдэхгүй” гэсэн хариултыг өгөөд байсан бол хоёр дахь шатанд маш сайн мэдээлэл, ойлголттой хандаж, нухацтай хариулсан. Өөрөөр хэлбэл, хоёр шатны санал асуулга хоёулаа маш амжилттай болсон. Өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаж байгаа асуудалд эдгээр 1570 иргэн нийгмийн маш өндөр идэвхтэй хандсан. Ялангуяа хоёр дахь шатны оролцогчид улс орныхоо төлөө энэ асуудлыг шийднэ гэдгээ бүрэн ухамсарлаж хандсан. Нэг ч миний, манай аймаг, сумын асуудал гэсэн хувийн явцуу өнцгөөс хандаагүй. Энэ утгаараа маш үр дүнтэй болсон.
-Цаашид шийдвэр гаргах процесс яаж явагдах вэ?
-Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг Улсын Их Хурал авч үзээд, шийдвэрээ гаргана. Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулсан энэ ажлын үр дүн гарна гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл төр өөрөө санаа зовоод, бодлогоо боловсруулаад, ард түмнээрээ хэлэлцүүлж байна.
Нөгөө талд ард түмэн дэмжээд гаргаад ирлээ. Төр, ард түмэн хоёр нийлэхээр ОНОВЧТОЙ, БОДИТОЙ шийдвэр гаргахаас өөр яах билээ. Ардчиллын амин сүнс ерөөсөө төрийг удирдах үйл хэрэгт ард түмнийг оролцуулах явдал. Тиймээс энэ бол зөв шийдвэр. Үр дүнд хүрнэ гэж бодож байна.
Санал асуулгад оролцсон 1570 иргэн төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцож, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэн. Үүндээ ч эдгээр иргэд бахархалтай байсан. Иргэн төрийг удирдах хэрэгт нэг бол өөрөө шууд, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болох Үндсэн хуулийн заалт сая бодитоороо хэрэгжлээ.
Өөрөөр хэлбэл их ард түмнийг төлөөлсөн бага ард түмний энэ санал Монголын ард түмний хүсэл эрмэлзлэлийг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болно.