“The HU” хамтлагийн тоглолтыг ирэх сарын 30 -нд виртуалаар зохион байгуулна

Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн тоглолтыг ирэх сарын 30-ны өдөр метаверс буюу олон хэмжээст виртуал ертөнцөд зохион байгуулах гэж байна.

“The HU in the Metaverse” тоглолт нь виртуал ертөнцөд болж байгаа дэлхийн анхны рок урсгалын тоглолт болох юм. Өмнө нь дэлхий дахинаа алдартай Marshmello, Travis Scott, Ariana Grande нар Fortnite ертөнцөд, Justin Bieber, David Guetta нар Roblox, Wave зэрэг мета ертөнцөд тоглолтоо зохион байгуулж, дэлхий дахинаа сая сая үзэгчдэд зэрэг хүрч байсан юм.

Харин “The HU” хамтлагийн тоглолтыг зохион байгуулах мета ертөнцийг Монголын технологийн компаниуд өөрсдөө бүтээж байгаа юм.

Тэдгээр компанийн төлөөллүүд Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, тоглолтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Соёлын яам нь метаверс буюу олон хэмжээст ертөнц дэх монголын технологийн компаниудыг дэмжиж байгаа бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг Дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийн салбарт хамруулан бодлогоо тодорхойлон ажиллаж байгаа юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийцүүлэн алхаж байгаа залууст баяр хүргэе.

Мета юниверс буюу илүү өргөн цар хүрээн дэх бүтээлч үйлдвэрлэлийн, технологийн өөрчлөлтийн хүрээнд Та бүхэнтэй уулзаж, сэтгэгдлээ хуваалцаж байгаадаа баяртай байна.

Ирээдүйд бид одоогийнхоосоо илүү их технологийн хамааралтай болж, олон хэмжээст виртуал ертөнцөд тодорхой хэмжээнд амьдарч, тэндээ үнэ цэн үүсгэх том өөрчлөлт рүү алхаж байгаа. Үүнийг залуус Та бүхэн соргогоор харж, хүлээн авч байгаа нь сайн хэрэг юм.

Учир нь 2019 оны судалгаагаар зөвхөн Англи улс гэхэд 160 тэрбум ам.долларын виртуал эдийн засагтай болж, улс орнууд виртуал эдийн засгийг чухалчлан авч үздэг болсон. Үүнтэй адил Монгол Улсад ч гэсэн энэ төрлийн эдийн засаг бий болж, технологийн өөрчлөлт ирнэ. Тэгэхээр залуучууд Та бүхэн энэ өөрчлөлтөд бэлэн байгаатай адил Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам ч гэсэн тодорхой хэмжээнд бодлогоо тодорхойлж ирээдүйн хэрэглэгч, ирээдүйн иргэддээ чиглэсэн арга хэмжээг одоогоос авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийн салбарыг багтаасан. Энэ нь соёлын өвдөө тулгуурласан Монгол онцлогтой бүтээл туурвих, immersive буюу виртуал зах зээлд контент нийлүүлэгч болох зорилготой юм. Та бүхний мэдэж байгаачлан даяаршил болоод технологийн хөгжил нь биднийг хил хязгааргүй нэг хавтгайд, цаг хугацаа, орон зайн хувьд ялгаагүй болгож байгаа. Энэ нь нөгөө талаар бидний үндэстний дархлаанд, олон зууны турш тээж ирсэн баялаг түүх, соёлын өвийн асуудлыг тодорхой хэмжээнд сөхөхөд хүргэж байгаа.

Тиймээс одоогоос эхлээд ирээдүйн өөрчлөлтөд бэлэн байхын тулд, нийтлэг үнэт зүйлсээ, биднийг бусдаас ялгаж байдаг ондоошлоо, монгол онцлогийг, соёлын өвөө ирээдүйн өөрчлөлтөд тэсвэртэй, олон зуун жил уламжлахын тулд олон хэмжээст ертөнцөд тэдгээрийг эхнээс нь зөв байрлуулах, эергээр таниулах нь чухал шүү гэдгийг захиж хэлмээр байна аа.

Мөн дэлхийн ямар ч метаверсэд байхгүй өөрсдийн онцлог, дундаршгүй соёлын өвдөө тулгуурлан Монгол онцлогийг илэрхийлсэн олон хэмжээст ертөнцийг цогцлоогоорой гэж хүсэн ерөөе” гэлээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …