“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн онцлох үгийг хүргэж байна.
“Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг олон нийтэд зарлаж, иргэний гадаад пасспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд оруулна.
Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ.
Энэ нь Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болж, асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхээс аргагүй боллоо.
Бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын гажуудал ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүсгэнэ.