Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна.
УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.
Энэ онд гэхэд л хүнс, хөдөө аж ахуйн салбарт 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр болсон нь энэ салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг юм.
Судалгаагаар, цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгджээ.
Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж байна.