Чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна.
Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, Шадар сайд С.Амарсайхан санаачлан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарч, иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, олон нийтэд стандартын боловсрол олгох соён гэгээрүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр: “Улсын хэмжээнд 16 яам, 21 аймаг, 9 дүүрэгт “Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулан салбар дундын хамтын ажиллагааг хангах зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Баримт бичгүүдийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авах, хэлэлцүүлгийн ажил дуусах дөхсөн байна.
Цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг үндэсний хөтөлбөрт тусгаж, нэгтгэн 3-р сарын 20-ноос хойш нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулна. Цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөнд оруулж, ажиллахаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийллээ.
Дашрамд дурдахад: Та бүхний саналыг mams@masm.gov.mn email хаягаар хүлээн авч байна.