Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.03.14/ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, жолооч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцон зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг хот хооронд нийтийн тээврийн 59 аж ахуйн нэгж байгууллага 49 чиглэлд бүртгэлтэй 708 автобусаар үйлчилгээ үзүүлж байна.
Эдгээр тээвэр эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр салбарын сайдтай уулзаж, хот хоорондын нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа зарим асуудлыг хөндөж, шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцсан юм.
Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа дээрх аж ахуйн нэгж байгууллага жолооч нарын зүгээс хамгийн их шүүмжлэл дагуулж байсан асуудлуудаас дурдвал,
– Хот хоорондын нийтийн тээврийн шинэ авто вокзал, терминал байгуулах, одоо үйл ажиллагаа явуулж байгаа авто вокзалыг сайжруулах,
– Дээрх чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний тогтвортой байдлыг хангах,
– Хот хоорондын нийтийнх тээврийн парк шинэчлэлд төрөөс дэмжлэг үзүүлэх,
– Суудал ашиглалт, нөхөн олговор
– Тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа, насжилт
– Зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайн тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлдэг асуудлыг журмаар зохицуулах,
– Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох
– Хулгайн тээврийн асуудлаас гадна Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаа, улсын байцаагч нартай холбоотой санал гомдлуудыг түлхүү хэлж байлаа.
Түүнээс гадна авто замын даац хэтрүүлснээс үүдэж, зарим аймгийн буюу Дундговь, Дорнод аймгийн чиглэлийн замуудад үүссэн эвдрэл осол аваар гарах үндсэн шалтгаан болж байгааг мөн учирлаж байсан юм.
Гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тус уулзалтын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зам тээврийн салбарт тэр дундаа нийгмийн захиалгат үйлчилгээ үзүүлдэг хот хоорондын нийтийн тээврийн салбарт сүүлийн 30 жилд дорвитой шинэчлэл хийгдээгүйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд, өнөөдрөөс 2023 оны тавдугаарын сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх асуудлуудыг шийдвэрлэх, бодит үр дүн гаргаж ажиллах хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
Түүнчлэн зам тээврийн салбарын бүх шатанд иргэд, олон нийтээс хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа төрийн албан хаагчийн хүнд суртал, ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг чангатгаж, иргэдийн оролцоотой автозамын салбарын зарим үйл ажиллагаанд хамтран хяналт тавьж, ажлын үр дүн шаардаж ажиллана гэдгийг онцлов.