Жил бүрийн 3 -р сарын 21-нд Дэлхийн Дауны хам шинжтэй тэмцэх өдөр тохиодог.
Энэ өдрийг тохиолдуулан жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “ТРИО” Монголын уран сайхны киног НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар чуулганы үеэр буюу энэ сарын 20-нд НҮБ-ын Женев дэх төвд толилуулах гэж байна.
Энэхүү кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохыг уриалсан бүтээл юм.
“ТРИО” уран сайхны киног НҮБ-д толилуулахад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжлэг үзүүллээ.
Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар чуулганд Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлэг өрнүүлж, модератороор Монголын Дауны холбооны ерөнхийлөгч В.Ганзориг ажиллана.