Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна. 2022 онд Түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн.
Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил 39 хувьтай яваа. Зургаадугаар сар гэхэд дан нурууг угсарна гэж тооцоолж байгаа. Зайсангийн хос гүүрний ажил 33 хувьтай байна. Дулааны шугам солих учраас дулаан хаах хүртэл бэлтгэл ажлыг хангана. Шар хаднаас Улиастайн эцэс хүртэлх замын ажил үргэлжилж байгаа. Улиастай талаасаа 800 метр замын ажлыг хийсэн.
2022-2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 арга хэмжээ бий. Энэ хүрээнд Шувуун фабрик Сонгино чиглэлийн авто замын Туул гол дээрх төмөр бетон гүүр, Санзайн авто замын засвар, шинэчлэл, Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км зам зэрэг ажлууд дууссан” гэлээ.
Тодруулбал, 24 ажил дууссан бөгөөд 12 ажил хэрэгжих шатандаа явж байгаа юм. Өнгөрсөн жил 22 байршилд явган зам тавьсан бол энэ жил Бага тойруугийн үлдсэн байршилд явган зам тавина гэдгийг хэлж байлаа.
Хотын дарга дугуйн замууд хоорондоо холбогдохгүй байгааг онцолж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаатай уялдуулахыг үүрэг болгов.
Мөн явган замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавих ёстойг санууллаа. Түүнчлэн ажлаа шуурхайлж, хотын ажлыг аваад ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстой гэдгийг онцлов.