“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнд “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайхан барилга байгууламжийн зураг төсөл, зохиогчийн хяналт сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Тэрбээр “Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна.
Монгол Улсын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг.
Зохиогчийн хяналтын хувьд түгээмэл гардаг хэд хэдэн хүндрэл бий. Жишээлбэл, барилгын ажил эхэлсэн, эсвэл эхлэх хугацаа тодорхойгүй байдаг. Тэгэхээр зохиогч барилгын ажлын явцад хяналт тавих боломжгүй болно.
Мөн захиалагч өөрөө гүйцэтгэгч болчихдог, үүнээс шалтгаалаад хяналтын тогтолцоо алдагддаг. Мөн зохиогчийн өгсөн зөвлөмж, тавьсан шаардлагыг үл хэрэгсэх, улмаар зохиогчийн шийдвэрийг дур мэдэн өөрчилдөг явдал их гарч байна.
Захиалагчийн шийдвэр эцсийнх үү, зохиогчийн шийдвэр эцсийнх үү гэдэг нь хууль эрх зүйн хувьд тодорхойгүй. Тэгэхээр үүнээс шалтгаалсан эрсдэлд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг том асуудал гарч ирдэг” гэв.