“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнөөр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, чанар аюулгүй байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлдээ “Манай улс барилгын материалын 37 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Барилгын материалын ханган нийлүүлэлт, цаашлаад үнэ ханшид тээвэрлэлттэй холбоотой асуудлууд тулгардаг. Өөрөөр хэлбэл, тээвэрлэгч вагоны тоо цөөн.
Цаашид бид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл барилгын материалын үнэ тогтворжих, ханган нийлүүлэлт нэмэгдэх, улмаар чанарт нь тавих хяналт сайжрах зэрэг олон давуу тал бий болно. Нөгөө талаас, барилгын материалын үнэ огцом өсөхөд хяналт тавих тогтолцоо дутмаг байна.
Ерөөс барилгын материалын чанарын хяналтыг сайжруулах, үүнд бүх талаас анхаарч ажиллах шаардлагатай” гэдгийг хэллээ.