Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, 13 яам, 20 аймаг, агентлагуудад хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 34 байгууллагын төлөөлөл 280 гаруй албан хаагчийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
НЗДТГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газрын хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр баримт бичгүүдийн төсөлд санал дэвшүүлж, харилцан зөвлөлдсөн юм.
Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяр: Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй 6500 гаруй стандарт бий. Үүний 43 хувь нь олон улс, бүс нутгийнх.
Хамгийн олон буюу 702 стандарт эрүүл мэндийн салбарт мөрдөгддөг. Эдгээр стандарт, нормыг хэрэгжүүлэхэд иргэдэд ч, хяналт тавьж буй байгууллагуудад ч харилцан адилгүй ойлголтын зөрүү гарч, хүндрэл учирдаг.
Тиймээс энэ бүхнийг цэгцлэх, нэгдсэн бодлого боловсруулах шаардлага байсан. Үүнд Засгийн газар онцгойлон анхаарч, “Стандарт ба хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
Хөтөлбөрийн хүрээнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг боловсруулан мэргэжлийн холбоод, стандартын техникийн хороодоор хэлэлцүүлж байна.
Мөн төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авч байгаа. Одоогоор 1120 гаруй санал ирсэн.
Эдгээр саналыг үндэсний хөтөлбөрт тусгаж, мөн цаашид хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд оруулна гэлээ.