Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж байгаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт авч ирж, улмаар 48 цагийн хугацаатай хорих 461 дугаар ангид саатуулсан.
Тэгвэл түүнийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.