Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.808, мөрдөн байцаалтын 3310 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 147, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Авлига, албан тушаалын эсрэг, Мөрийтэй тоглоом зохион байгуулах тус тус 1, нийт 322 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
– Нийслэлийн прокурорын газраас иргэн Б нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 0.996 грамм бодисыг бусдад худалдсан, худалдан авах хүнийг зуучлах зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон, худалдаалах зорилгоор биедээ хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн;
– “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б нь өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн;
– Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн О, П нар нь ашиг олох зорилгоор Гранд зочид буудалд мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Өвөрхангай аймгийн Хархорих сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Ц нь насанд хүрээгүй Д-г амьдрал ахуйн хүнд байдлыг нь далимдуулан, гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, хулгайлах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Эх сурвалж:prokuror.mn