Засгийн газраас зарласан ‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгож, хэрэгжилтийн тайланг ЗГХЭГ-т 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор ирүүлэх чиглэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн байгууллагуудад албан бичгээр хандан хүргүүлсэн.
Тэгвэл “Шүүр” ажиллагааны шүүрдэх хугацаа дуусахад 5 хоног үлдлээ. Энэ хүрээнд төрийн байгууллагууд дор бүрнээ албан хаагчидаа “шүүрдэж”, ашиг сонирхолын зөрчилтэй, хууль бус томилгоотой, төрийн албаны шалгалт өгөөгүй, өгсөн ч тэнцээгүй, тухайн албан тушаалд тавигдах төрийн албаны нөхцөл шаардлагыг хангаагүй албан тушаалтнуудаа чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байгаа юм.
Гэхдээ “шүүр ажиллагааны” хүрээнд “чөлөөлөгдөх болзолыг хангаж” байгаа иргэд мэдээжийн хэрэг “дуртай” байхгүй нь ойлгомжтой. Тэд дургүйцнэ, Засгийн газрын бодлогыг шүүмжилнэ, Ерөнхий сайдыг харлуулна, хараана, байгууллагынхаа удирдлагыг муулна, гүтгэнэ. Энэ бүхнээ сошиалд эзэн бие нь тодорхой биш хаягнаас явуулна.
Гэвч төр ажлаа саадгүй хийх ёстой, хийх ч болно. Дарга цэрэг гэлтгүй дээрх нөхцөлд хамаарах хэн хүн “ШҮҮР” ажиллагаанд өртөх учиртай.
Ингэж гэмээнэ төр жааханч гэсэн ариусна. Төрийн албаны шалгуур болзолыг хангасан албан хаагчид үлдэнэ. Дарга цэргийн шахаасаар төрд орогсод чөлөөлөгдөнө. Төрийн дархлаа сэргэнэ.
Шүүр ажиллагааны хүрээнд зарим ноцтой гэмээр зөрчил илэрсэн байна. Манай улс иргэний харьяалалын хувьд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс манай улсын иргэн гадаадын иргэн болох хүсэлт гаргавал эхлээд Монгол Улсын иргэний харьяалалаас гарах учиртай. Гэтэл бидэнд ирсэн мэдээллээр Казакстан улсын иргэн хэрнээ, давхар монгол улсын иргэний үнэмлэхтэй, түүгээр зогсохгүй Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гэх мэдээлэл ирлээ.
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Маралбек гэх энэ хүний хувьд 2006 онд Монголын улсын иргэншлээс гараагүй байхдаа гэр бүлээрээ Казахстан явж тус улсын иргэншил авсан аж. Тэрбээр 2008 онд Монгол улсад эргэн ирсэн байдаг. Өдгөө казастаны иргэншилтэй хэвээр байгаа боловч мань хүн isee.mn Сайтад өгсөн тодруулгад “Би Казахстан улсын иргэн биш. Надад тус улсын ямар ч бичиг баримт байхгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд зарлиг гаргаж 890 казах иргэнийг Монгол Улсын иргэнээр бүртгэсэн. Түүний нэг нь би. Зарлиг нь ч бий” гэжээ.
Түүний хэлснээс харвал мань эр хэзээ Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өгч хэдэн оны, хэн Ерөнхийлөгчийн зарлигт багтан Монгол улсын иргэншлээс гарсан, эргээд Казакстан улсын иргэншлээс хэзээ татгалзаж, хэрхэн 2012 онд Монгол Улсын иргэнээр бүртгэх Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зарлигт багтсан вэ? гэдэг нь сонирхол татна.
Нэмж сонирхуулахад Д.Маралбекийн эхнэр А нь мөн 2021 оноос хойш Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Казахстаны иргэншилтэйн улмаас 2023 оны 03 сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Тиймээс Казакстан улсын иргэн Д.Маралбек гэгчийг хууль хяналтын байгууллагаас даруй шалгаж, иргэншлийн асуудлыг нь нэг мөр нягтлан тогтоож, хууль зөрчсөн нь нотлогдвол холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс нь даруй татах учиртай.
Засгийн газраас явуулж байгаа “шүүр” ажиллагааны хүрээнд Д.Маралбек мэтийн нөхрийг “шүүрдэх” хэрэгтэй.
А.Галт