Эмнэлэгт иргэнийг илгээх 13A маягтыг цахимжуулах ажил дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эмнэлэгт иргэнийг илгээх АМ-13А, АМ-13Б, АМ-13В маягтыг цахимаар шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийн салбарын хэмжээнд сургалтыг нэгдсэн арга зүй, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт даалгалаа.


Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын  хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”-д нэгтгэлээ.


Эрүүл мэндийн статистикийн мэдээлэлд дурдсанаар 2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудсаар үйлчилсэн хүний тоо 317,736 байна.
13А маягтыг цахимжуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ.

Эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системд түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж буй дөрвөн төрлийн мэдээллийн систем хооронд 13А маягтын мэдээллийг цахимаар бүртгэх, солилцох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг цахимаар хүлээн авах, илгээх боломжтой боллоо.


13А маягтыг иргэнд хүргэхэд шаардлагатай хөгжүүлэлтийг хийж төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системд нэгтгэж, “Үйлчилгээ” цэсийн “Эрүүл мэнд” ангилалд 13А цахим маягтыг байршуулсан.


13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүлжээ.


Цахим маягтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдэд үүсэх хүлээлт, чирэгдлийг багасгах ач холбогдолтой гэж үзэж байна.

Санал болгох мэдээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. …