Н.Хүрэлбаатар: АШУҮИС дэлхийн шилдэг их сургуулиудын НЭГ болох зорилт тавин ажиллаж байна

Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 65 дахь удаагийн Эрдмийн чуулган өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны соёлын төвд эхэллээ.

Эрдмийн чуулганы нээлтэд Анагаах ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн захирал, Эрдмийн Зөвлөлийн дарга Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга  Х. Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон эрдэмтэн багш нар судлаачид оролцлоо.

Эрдмийн чуулганыг нээж, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ “Манай хамт олон дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болохоор Алсын хараагаа тодорхойлж, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр манлайлан, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, түгээх үр дүнг хэрэгжүүлэх судалгаанд суурилсан их сургууль болох зорилт дэвшүүлэн, хэрэгжүүлж эхлээд байна.

Судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд бид Монгол Уламжлалт Анагаах ухааны хүрээлэнг 2023 онд шинээр байгуулахаар шийдвэрлэж, Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэн, эрүүл мэндийн салбарын тулгамдсан  асуудлыг шийдвэрлэхүйц шинэ мэдлэг, технологи, инновацын бүтээгдэхүүн бий болгох  салбар дундын болон олон улсын 30 гаруй төсөлт ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хэмжээнд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллагын захиалгат 146 төсөл хэрэгжиж, 2022 онд эрдэм шинжилгээ судалгаанд 2.6 тэрбум төгрөг  зарцуулсан нь их сургуулийн нийт төсвийн 7.3 хувийг эзэлж, хөгжлийн бодлогод  тусгагдсан судалгаа шинжилгээнд зарцуулах өртгийг нийт төсвийн 20 хувьд хүргэх эхний алхмаа хийлээ.

Зөвхөн 2022 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хамт олон 36 судалгааны төслийн гэрээг шинээр байгуулсан нь өмнөх оны мөн үеэс 85 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэдгийг онцолж хэлэв.

65 дахь удаагийн эрдмийн чуулганд 720 гаруй шилдэг илтгэл, эмнэлзүйн тохиолдол бүхий “Эрдмийн чуулган-65” илтгэлийн эмхэтгэл, 24 шилдэг эрдэм шинжилгээний өгүүллээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж, багш, эрдэмтэн судлаачдын хүртээл болж байна.

АШУҮИС-ийн ахисан түвшний сургалтад 1600 гаруй магистрант, докторант суралцаж байгаагаас өнгөрсөн онд 30 доктор, 150 магистр нэг сэдэвт бүтээлийг туурвиж, горилсон зэргээ амжилттай хамгаалсан.

 Түүнчлэн магистр, докторт амжилттай сурч буй суралцагчдын судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих зорилгоор захирлын нэрэмжит тэтгэлгийг бий болгон олгож эхэлсэн байна. Энэхүү тэтгэлгийг 2022 онд 17 магистрант, докторант,  2023 онд 23 докторант хүртээд байгаа аж.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш судлаачид хөндлөнгийн хянан магадалгаа хийгддэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд нийт 676 бүтээл хэвлүүлсэн байна. Тус сургууль энэ чансаагаараа Монгол Улсын хэмжээнд эхний 3 байранд тогтмол багтан амжилтаа бататгажээ.


65 дахь удаагийн Эрдмийн чуулганы үеэр 2022 онд Elsevier компанийн “SCOPUS” олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд Хариуцлагатай зохиогч, Нэгдүгээр зохиогч, Хамтарсан зохиогчоор бүтээл хэвлүүлсэн судлаачдад бүтээлийн урамшуулал олгох,

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр 2023 оноос хэрэгжүүлэх судалгааны төслийн удирдагчдад батламж гардуулах,

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн ахисан түвшний сургалтанд суралцагч докторант, магистрантуудад захирлын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгох,

Мөн Эрдмийн чуулган-65 эрдэм шинжилгээний хуралд салбар хуралдаануудаас шалгарсан найман бүтээлээс шилдгийн шилдэг илтгэлийг шалгаруулах юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …