Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордны үүдэнд суулт хийж өлсгөлөн зарлалаа.
Энэ үеэр Түргэн үйлчилгээний цэгээр амь зуугчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяраас тавьж буй шаардлагын тухай тодрууллаа.
– Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан та бүхэн ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Нийслэлийн барьж байгаа бодлого, ТҮЦ-үүдийг цэгцэлье гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ түргэн үйлчилгээний цэгийг огт байхгүй болгох нь буруу. Автобусны буудал болгон дээр түргэн үйлчилгээний хоёр цэг үлдээгээд өгөөч ээ.
Хуучин нэг автобусны буудал дээр 10-20 ТҮЦ байдаг байхад “бохир байна, орчин нь муухай байна” гэж хэл ам хийдэг байсан. Нэг автобусны буудал дээр хоёр түргэн үйлчилгээний цэг үлдээгээд ойр орчмоо цэвэрлэх, арчлах үүргийг нь гэрээнд нь тусгаад хамтраад ажиллая гэхээр албан бичгээр болон амаараа “За тэгье” гэсэн мөртлөө цаагуураа бүгдийг нь ачна, Улаанбаатар хот нэг ч ТҮЦ-гүй болно гэдэг юм яриад байна.
–Та бүхэн тавьж буй шаардлагаа Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тавихгүй яагаад Монгол Ардын намд хандаж тавьж байгаа вэ?
-Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт “ИРГЭДИЙГ ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ”, “ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” гэсэн мөртлөө эсрэгээрээ яваад байна. Өнөөдөр Монгол хүн эх орондоо хөдөлмөрлөөд улам ядуураад байна. Монгол хүн хөгжих ямар ч боломж байхгүй болчихоод байна.
– Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өмнө нь шаардлага хүргүүлсэн гэсэн. Та нарт ямар тайлбар өгч байна.
-Түргэн үйлчилгээний цэгийг хараагүй хүний зам, ногоон байгууламж дээр тавьсан, орц гарцыг хааж тавьсан бол чөлөөлөх үүргийг өгч байгаа гэсэн тайлбар өгсөн.
Гэтэл эсрэгээрээ дүүргийн удирдлагуудад хотоос өгсөн чиглэл нь бүх автобусны буудлыг ТҮЦ-гүй болго гэсэн чиглэл өгсөн, тиймээс бүгдийг нь ачиж байгаа гэсэн хариу өгсөн. Дараагийн ажлын байр нь хаана байна гэхээр та нар өөрсдөө олохгүй юу, эсвэл байршил зааж өгнө гэж байгаа юм.
Байршил зааж өгөөд 20-р хороонд байрлаж байсан иргэнийг 3-р хороонд аваачаад тавихаар 3-р хорооны Засаг дарга нь оршин суугчидтайгаа хамт гарч ирж “өдөөн турхирч, энд ТҮЦ тавихгүй” гээд маргаан үүсгэж байна. Тиймээс ТҮЦ эрхлэгч автобусны буудлыг нь чөлөөлөөд өөр хорооны нутаг дэвсгэр байршуулах гэхээр хорооны засаг дарга нар нь байршуулахгүй байх жишээтэй.
– Та бүхний тавьсан шаардлагыг хэрэгжүүлтэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэх үү.
– Ер нь бид бүхэн өлсгөлөнг яагаад зарлаж байгаа вэ гэвэл 5 жилийн хугацаанд хамтран ажиллах боломжтой бүх саналаа хэлсэн. Даанч Нийслэл, дүүргийн удирдлагууд өөрсдөө хамтарч ажиллая гэсэн боловч цаагуураа хоморлогон барьчхаад байна, ерөөсөө хэлсэн үгэндээ хүрэхгүй байна. Тиймээс аргагүй эрхэнд өлсгөлөн зарлаж байна.