Аливаа улс орон оршин тогтнохын үндэс нь баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид байдаг. Дотоодоосоо бараа бүтээгдэхүүнээ хангаснаар нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, үндэсний дархлаагаа бэхжүүлдэг. Иймд үйлдвэрлэгч орон болох нь нэн чухал юм. Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн бодлого, шийдвэр хийгээд үндэсний үйлдвэрлэгчид, иргэн бүрийн оролцоо зайлшгүй шаардлагатай билээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох зорилготойгоор орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна.
Тус үндэсний хөдөлгөөний хүрээнд олон бодлого, шийдвэр хэрэгжиж байгаа. Үүний нэг нь баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдэд мэдлэг мэдээлэл олгох, хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготойгоор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос “Баялаг бүтээгч-бизнес тур” аяллыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
“Баялаг бүтээгч-Business Tour” аяллын хүрээнд үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох “Газар шим трейд” хувьцаат компани, “Сүү” хувьцаат компани болон “НВЦ” компанийн өндөгний үйлдвэртэй Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЖДҮГ-ын бүртгэл, мэдээлэл нэг цэгийн үйлчилгээний дарга Э.Ундрал, Хаан банкны зээлийн бодлого зохицуулалтын захирал Ч.Ганзориг, Жайка Олон улсын байгууллагын хөдөө аж ахуй хувийн хэвшлийн хөгжлийн төлөөлөгч Накамура Кейго болон 50 орчим баялаг бүтээгчид үйлдвэртэй танилцаж, харилцан туршлага судаллаа.
Аялалд нэгдсэн үйлдвэрлэгчдийн хувьд бизнес хамтрагчаа олох, кластерийн системээр хамтран ажиллах, нэгнээсээ урам зориг авах, шинэ технологи, үйлдвэрлэлтэй танилцсан үр өгөөжтэй бизнес аялал болж буй талаар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэхүү аяллын нэг онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 44 үндэсний үйлдвэрт өөрийн биеэр ажиллаж, тэдний санал хүсэлтийг бодлого шийдвэртээ тусгасан. Тэгвэл үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг нэгтгэж буй бизнес цуврал аялал Ерөнхийлөгчийн танилцсан үйлдвэрүүдээр гараагаа эхэлж байна.
“Газар шим трейд” хувьцаат компани
Тус компани 1999 онд Монголын анхны хүнсний ногооны консервын үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар 30 нэр төрлийн 5 сая орчим шил консерв үйлдвэрлэж буй салбартаа тэргүүлэгч компани юм. Мөн анхдагч зах зээлийн арилгааг амжилттай хийж, нээлттэй хувьцаат компани болсон юм.
Манай улс даршилсан бүтээгдэхүүний 80 хувийг импортоор авдаг байсан бол “Газар шим” компани ийнхүү олон нийтэд хувьцаагаа гаргаж, хөрөнгө оруулалт татсанаар даршилсан ногоо, салат, компотын 50 хувийг дотоодоосоо хангах томоохон зорилт дэвшүүлж байна.
“Сүү” хувьцаат компани
“Сүү” хувьцаат компани нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ 500 гаруй ажилчидтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна. Мөн 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 12 малчны хоршоо байгуулсан нь сүү бэлтгэлийг шинэ түвшинд хүргэв. Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс нийт 21.2 сая литр сүү худалдан авч, 27.8 тэрбум төгрөгийн шууд орлогыг малчдад бүрдүүлсэн нь нийт сүүний урамшууллын 60 хувийг бүрдүүлсэн байна.
“НВЦ” компанийн “Баян” өндөгний үйлдвэр
“НВЦ” групп нь 2003 оноос өндөгний үйлдвэрлэлийг эхлүүлж, 2011 оноос орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий 1 сая толгой өндөглөгчтэй эко шувууны аж ахуйн төслийг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 650 000 толгой өндөглөгч, 110 000 дэгдээхэй буюу нийт 760 000 шувууны аж ахуйг бүрэн ашиглалтад оруулан ажиллаж байна. Ирэх жилийн төлөвлөгөөнд өндөглөгч тахиан тоог 1 сая болгохоор зорин ажиллаж байгаа гэдгийг тус компанийн зүгээс хэллээ. Мөн нэг дор 300 мянган ширхэг өндөр дарах хүчин чадалтай инкубаторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийн ажлуудыг 100 хувь барьж байгуулсан байна.