Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ыг дэмжсэн жагсаалууд болсон. Уг жагсаалыг Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Батлан хамгаалах яам дэмжсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байв. Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар хийж албан ёсны байр сууриа илэрхийллээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Олон нийтийн гэх тодотголтой байгууллагын төлөөлөл энэ сарын 5-ны өдөр дайнд амиа өргөсөн дайчдын алдрыг мөнхжүүлэх зорилгоор жагсаал хийх гэж байгаа тул хүн хүч, хөгжим хэрэгслээр дэмжлэг туслалцаа үзүүлж өгнө үү хэмээх хүсэлтийг Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн.
Бид бүхэн уг хүсэлтийг хэлэлцээд дэлхийн улс орнуудын цэрэг-улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ цаг үед дайн, байлдаантай холбоотой арга хэмжээ, жагсаал цуглаанд Монгол Улсын Батлан хамгаалах яам ямарваа нэг байдлаар оролцох нь зохимжгүй гэсэн дүгнэлтэд хүрч оролцохоос татгалзсан.
Гэтэл үүнд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн оролцсон гэсэн мэдээллүүд цахим орчинд тархсан. Энэ бол худал мэдээ. Зэвсэгт хүчний анги, салбарт байгаа цэргийн хөгжим, бие бүрэлдэхүүн оролцоогүй.
Мөн энэ сарын 7-ны өдөр Офицеруудын ордны үүдэнд “Новороссия андууд” хэмээх олон нийтийн сайн дурын байгууллага жагсаал зохион байгуулж үүнд нь бэлтгэл болон чөлөөнд байгаа цөөн тооны офицер, ахлагч оролцсон. Эдгээр байгууллагуудын хувьд “сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн олон нийтийн гэх статустай байгууллага. Энэ бол Төрийн байгууллага биш. Түүнчлэн жагсаалд оролцсон зарим цэргийн алба хаагчдын хувьд төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй тэтгэвэр, чөлөөндөө гарсан алба хаагчид оролцсон гэдгийг хэлье.
Гадаад харилцаа, аюулгүй байдлын нөхцөл байдал амаргүй сорилттой тулгарч буй энэ цаг үед ард иргэд маань энэ төрлийн асуудалд болгоомжтой, бас мэдрэмжтэй хандаасай гэж хүсэж байна. Зарим нэр нөлөө бүхий олны танил хүмүүс ч Батлан хамгаалах яам оролцсон гэх мэтээр ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэсэн юм.